Францын элчин сайдын яам цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлэв
ХААИС-ын Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Азжаргал нар Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэ, Соёл хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц, ажилтан Т.Төрням нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Францын элчин сайдын яамны хурлын танхимд 01-р сарын 21-нд болсон тус уулзалтын үеэр Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга хэлэхдээ, ХААИС-ын оюутнууд франц хэл сурч, тус улсын фермд дадлага хийж байгаа нь танай хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм гэв. Харин Францын элчин сайд Ив Дэлүнэ цаашид ч олон талаар хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлээд манай улсаас мал аж ахуйн чиглэлийн сургагч багш нар ирж, малчдад сургалт явуулах үеэр ХААИС-ийн оюутнуудтай хамтран ажиллах, Францын элчин сайдын яамнаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд хэлний мэдлэгтэй оюутнуудыг оролцуулахад нээлттэй хандахаа илэрхийллээ. Дашрамд сонирхуулахад энэ жил Франц, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа аж.