Сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход хамтран ажиллана

Нийтлэгч : .
Огноо: 2015-01-28 06:30:01

 

Сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход хамтран ажиллана

Монголын сурагчдын холбооны удирдлага өнөөдөр /2015.01.28/ ХААИС-д зочилж, цаашид  хамтран ажиллах талаар бүрэлдэхүүн сургуулийн захиралуудтай санал солилцлоо.

МСХ-ны тэргүүн О.Сэлэнгээ хэлэхдээ, зарим сурагчид мэдээ мэдээлэл дутмаг байдлаас үүдэн, тодорхой зорилгогүйгээр сонголт хийдэг. Ингэсэнээр төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байх, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болдог. Тиймээс заавал оюутан болчихоод сургуультайгаа танилцах биш, өмнө нь сонирхсон сургуулиудаараа зочлох, багш, оюутнуудтай уулзах боломжоор хангах зорилгоор их, дээд сургуулиудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн сурагчдын дунд төрийн өмчийн их, дээд сургуулиуд нээлттэй биш гэсэн ерөнхий ойлголт байдаг. Төрөл бүрийн үзэсгэлэн яармагт төдийлөн оролцдоггүй, мэргэжлийн сурталчилгаа бага хийдэг зэрэг нь ийм ойлголтыг төрүүлдэг гэв.

Энэ үеэр ХААИС-ийн Сургалтын албаны дарга Б.Буянзаяа сургуулиа товч танилцуулаад төгсөх ангийн сурагчдын дунд  мэргэжил сонголтын талаар хийсэн судалгааны тайланг танилцуулсан юм. Сурагчдын дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 62,3 хувь нь сонгох мэргэжлийнхээ талаарх мэдээллийг интернетээс, 15 хувь нь элсэгчдэд зориулсан үзэсгэлэнгээс авдаг гэсэн бол 44,4 хувь буюу дийлэнх нь сургууль, мэргэжлийн талаарх мэдээлэл, танилцуулга маш хомс байдаг гэсэн хариултыг өгсөн байна. Мөн мэргэжил сонгохдоо багшлах боловсон хүчний чадавхи, орчин нөхцөлийг нь чухалчилдаг хэмээн олонх нь хариулжээ. Иймээс дээрх болон бусад судалгаан дээр тулгуурлан ХААИС-ийн хамт олон ч маркетингийн идэвхжүүлэлтийн  төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэв.

МСХ-ны хувьд ч сурагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, үндэсний соёл, зан заншлаа сурталчилан таниулах зорилготойгоор үйл ажиллагаа төрийн бус байгууллагын  хувьд сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой олон талын арга хэмжээг ХААИС-тай хамтран зохион байгуулахаар ярилцлаа.