ХХАА-н Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанд ХААИС-ийн эрдэмтэд оролцов
ХХАА-н Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2-р сарын 12-нд боллоо. Хуралдаанаар ХХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж, салбарын хөгжлийн ойрын болон хэтийн зорилго, зорилтыг эрдэмтэд, судлаачдын тооцоо, судалгаанд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгах, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Дээрх хуралдаанд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, профессор Ж.Туяацэцэг, ХХАА-н сайдын орон тооны бус зөвлөх Ш.Гунгаадорж, Бодлого судлалын төвийн судлаач Б.Эрдэнэбаатар болон ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирал, ХААШУА-ийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.
ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга “ХАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудалд” сэдвээр, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "Само институт" ХХК-ий гүйцэтгэх захирал, доктор Г.Оюун “Хүнсний салбар дахь шинжлэх ухааны бодлого боломжыг анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Эрдэмтэд ХХАА-н Сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаараа салбарын судлаачдаа урьж, үгийг нь сонсож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд судалгааны үр дүн юуны учир хэрэглээнд нэвтэрэхгүй байгаа болон бусад асуудлаар өөрсдийн саналыг хэлэв.
Тухайлбал ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, профессор Н.Баярсүх “Тариаланчид маань сорт, технологио зөв сонгож тариалаагүйгээс чанартай, арвин ургац авч чадахгүй байна. Гэтэл эрдэмтэд аль бүс нутагт ямар сортын үрийг хэрхэн тариалах тариалах талаарх технологийн зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд хүргүүлсэн. Мөн жил бүр тариалан эрхлэгчдэд зориулан технологийн зөвлөмж өгдөг. Эрдэмтэдийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон элит үр сортыг жилд 250-300 тонноор үйлдвэрлэх боломж ч бий. Хэдий өртөг өндөртэй ч импортынхоос хямд. Жишээлбэл, импортынх 1 тонн нь 1 сая орчим төгрөг байдаг бол дотооддоо үйлдвэрлэхэд 840 орчим мянга байх боломжтой” гэв.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг “Манай хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн хугацаанд 200 гаруй нэр төрлийн эм, биобэлдмэл, оношлуур, технологийг бий болгосон байдаг. Үйлдвэрлэлд нэвтэрч, хэрэглэгчдэд хүрсэн нь олон ч импортыг орлох эм, биобэлдмэлийн технологи эрдэмтэдийн ширээн дээр байна. Эдгээрийн хэрэглэгчид нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид. Гэтэл манай хүрээлэнгийн зүгээс малчдад шууд хүргэх эрх зүйн зохицуулалт байхгүй” байгаа гэлээ.
Мөн ШУА болон ХААШУА-ийн гишүүн, академич Ш.Дэмбэрэл “Манай эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж чадаж байна. Гагцхүү экстейншний үйлчилгээг шийдэж өгөх хэрэгтэй байна. Мөн Монгол орны мал, амьтан, ургамлын генийн санг нарийн сайн бүрдүүлж, хамгаалах асуудлыг анхаарч, био үйлдвэрлэлийн технологийн түвшинг сайжруулах хэрэгтэй”-г дуулгав.
Профессор Ч.Бямбадорж “Төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдэд манай эрдэмтэд оролцож, саналаа хэлж ирсэн. Гэтэл энэ нь засаг төр өөрчлөгдөх бүрт замхардаг. Энэ байдлыг эргэж харах хэрэгтэй. Мөн ХХААЯ инноваци нэвтэрүүлэхэд шаардагдах тодорхой багцтай болмоор байна” гэв.
ХХАА-н Сайдын орон тооны бус зөвлөх Ш.Гунгаадорж “ХХААЯ хэрэгтэй гээд төсөл захиалдаг. Үүнийг нь БСШУЯ баталж, санхүүжилт өгдөг. Гэтэл төсөл захиалагч хэрэгжих явцад хяналт тавих боломжгүй байгаа нь эрдэмтэдийн бүтээл, төслийн үр дүн үйлдвэрлэлд нэвтэрэхгүй байх гол шалтгаан болж байна. Тиймээс захиалагч яам санхүүжилтээ ч шийддэг байх нь зүйтэй юм.” гэв.
Жишээлбэл, ХААИС болон түүний харьяа хүрээлэн дээр хэрэгжиж байгаа төслийн 90 орчим хувийг ХХААЯ захиалдаг. Хэрэгтэй гээд захиалсан бол үйлдвэрлэлд нэвтэрүүлдэг байх хэрэгтэй гэсэн саналыг эрдэмтэд хэлж байлаа. Мөн яамнаас санхүүжилтийг нь шийдээд өгөөч гэж гуйхын оронд шийдэж, шийдвэрлэж болох саналаа хэлдэг байя гэв. Хурлын төгсгөлд Сайдын дэргэд орон тооны бус шинжлэх ухааны зөвлөл байгуулахаар тогтлоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ”Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан цөөн орноос хамааралтай байдлыг арилгахад анхаарч өрсөлдөх чадварыг нь бэхжүүлэх” зорилтын хүрээнд салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны ажлыг дэмжих зорилгоор сайдын нэрэмжит грант олгох сонгон шалгаруулалт явуулсан аж.
Энэхүү шалгаруулалтын эзэд болсон ШУТИС-н Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний салбарын дэд профессор Ц.Одбаяр удирдагчтай “Тарнын овгийн зарим ургамлын зохицуулах үйлчлэлийн судалгаа” бүтээл, Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Биологийн ухааны доктор Б.Баттөр удирдагчтай “Бабедазол эм үйлдвэрлэх” бүтээлд тус бүр 10 сая төгрөгийн грант олголоо.