“Бэлчээрийн газрын судалгааны лаборатори” болон номын нээлт боллоо
Хөдөө орон нутагт бэлчээрийн асуудлыг газрын даамал хариуцан гүйцэтгэдэг. Тиймээс газрын даамлууд, бэлчээрийн мэргэжилтнүүд болон магистрын оюутнуудыг шинэ аргазүй, аргачлалд сургах зорилготой “Бэлчээрийн газрын судалгааны лаборатори”-ийн нээлт 2-р сарын 16-нд ХААИС-ийн төв байрын 328 тоотод болов. Тус лабораторийн нийт санхүүжилт 54 сая төгрөг бөгөөд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон-Алт” төсөл, ЗГХА Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, ХААИС хамтран байгуулжээ.
Лаборатори нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын төв сервертэй холбогдсон учир өгөгдөл мэдээлэлтэй ажиллах, хадгалах, дамжуулах, засварлах боломжтойн дээр суурь судалгаа, тандан судлал, гэрээт ажлуудын мэдээллийг ашиглан сургалт, судалгааны ажил гүйцэтгэж болох аж. Цаашид газрын даамлуудад зориулан экологийн чадавхид суурилсан бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан, шинэ арга зүй эзэмшүүлэх сургалтыг улирал бүр зохин байгуулах, жилд 40-50 магистрант, докторант судлаачдын судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөлөөр хангах, шинжлэх ухаан, инновацийн төсөл гүйцэтгэх гэх мэт ажлуудыг тус лаборатори дээр түшиглэн хийхээр төлөвлөжээ.
Мөн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон-Алт” төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Бэлчээрийн менежментийн сургалтын материал, хөтөлбөрийг сайжруулах, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах” дэд төслийн хүрээнд Америк, Европын их, дээд сургуулиудын сургалтанд ашиглагддаг бэлчээрийн менежмент болон малын тэжээллэгийн чиглэлийн шилдэг сурах бичгүүдийг Монгол хэлнээ орчуулан гаргах зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилтын хүрээнд доктор, профессор Жерри Л.Холечек, Рекс Д.Пеипер, Карлтон Х.Хербел нарын туурвисан “Бэлчээрийн менежмент: үндсэн зарчмууд ба туршлагууд” сурах бичгийн 6 дахь хэвлэл Монгол хэлнээ орчуулагдан, нийтийн хүртээл болж байна. Энэ өдөр тус номын баринтаг задлах ёслол ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болсон юм.
Бэлчээрийн талхлагдал, доройтол, бэлчээрийн зохистой ашиглалтын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед тус сурах бичигт өгүүлсэн бэлчээрийн менежментийн онол, дэлхийн улс орнуудын туршлагыг Монголчуудын бэлчээр нутгаа ашиглаж ирсэн олон зуун жилийн уламжлалт арга ухаантай хослуулах нь манай орны бэлчээрийн менежментийн хөгжилд зохих хувь нэмэр оруулна гэдгийг тус номыг орчуулагч, багш онцолж байлаа.