“ХААИС-ийн элч оюутан”-ууд төрөлх сумандаа ...
2015.06.03
Өнөөдөр буюу 06 дугаар сарын 03-ны өдөр “ХААИС-ийн элч оюутан” хөтөлбөрийн хүрээнд 19 аймгийн 70 гаруй суманд оюутнууд сургуулиа төлөөлөн ажиллахаар нутгийн зүг жолоо заллаа.
“ХААИС-ийн элч оюутан” хөтөлбөрийн зорилго нь Хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаа, эрдэмтэн багш, судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, мэргэжлийн хөтөлбөрүүд, тэдгээрийн мэргэжилтэнд олгох мэдлэг, ур чадварыг сонирхогч талуудад сурталчлах, сум болон сургуулийн удирдлагатай хамтран ажиллах асуудлыг дэвшүүлэхэд оршино.
“ХААИС-ийн элч оюутан” нь өөрсдийн төрөлх сумандаа 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 10-ны хооронд ажиллах бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүн гарна гэж үзэж байгаа юм. Үүнд:
1. Сумдын засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичгийг хүргүүлсэнээр:
Сум орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодруулах, орон нутгийн хөгжлийн гарцыг төрийн бодлого, сумын байгаль орчин, нийгэм эдийн засгийн онцлог, түүхэн хөгжил, боломж, давуу талтай нь уялдуулан шинжлэх ухаанд суурилсан сумын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хамтран ажиллах болно.
2. Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд оюутан бүрийг судлаач болгох асуудлыг шийдвэрлэхийн тулд Сумын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, засаг даргын тамгын газарт тулгамдаж буй хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлийн асуудлуудыг багш, оюутны эрдэм шинжилгээний ажил, сургалт, үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн ажилтай нь уялдуулан шийдвэрлэх боломж бүрдүүлнэ.
3. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудтай хамтран ажиллах санал хүргүүлж төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонгох асуудлыг мэдээлэлд тулгуурласан бодит шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Элч оюутнууд профессор багш нарын судалгаа, сургалт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэл, хэрэгцээг сумдаас авч ирэх нь хөдөөгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилсан сумын хөгжлийн гарцыг бий болгоно.
Сургалтын бодлого зохицуулалтын алба