“Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих”

Нийтлэгч : .
Огноо: 2015-06-23 13:54:34

“Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл

Энэхүү төслийг БНСУ-ын Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол Улсын ХААИС, БНСУ-ын Хангионы үндэсний Их сургуулиууд хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

-          ХААИС-ийн багш, судлаачдын туршилт, судалгааны чадавхийг сайжруулах, мөн сургуулийн туршилт, судалгааны орчныг бэхжүүлэх;

-          Солонгосын ХАА-ын эрчимтэй үйлдвэрлэлийн туршлага, шинжлэх ухааны ололт, ноу-хауг Монгол Улсын ХАА-ын үйлдвэрлэлд дамжуулж, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн технологийг бий болгох урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх

Зорилготойгоор энэхүү төсөл нь үр өгөөжөө өгч эхэлж байна. Одоогоор уг төслийн хүрээнд ХААИС-ийн 40 орчим багш, судлаачид малын үржил, селекци, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдал, ургамал, амьтны биотехнологи, шинэ тарималын судалгаа зэрэг чиглэлээр БНСУ-ын их сургуулиууд, эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацаагаар суралцаж шинэ технологи, арга зүй эзэмшсэн байна. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд үржлийн биотехнологи, генийн инженерчлэлийн ололт амжилтыг ашиглан мах сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн үр хөврөл шилжүүлэн суулгах ажил амжилттай болж анхны 10 тугалыг хүлээн аваад байна. Үүнийн ач холбогдол нь Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн өндөр ашиг шимтэй эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдэж байгаагийн сацуу гадаадаас сүү, махны чиглэлийн өндөр үнэтэйсайн үүлдрийн мал оруулж ирэх шаардлаггүй болж байгаад оршиж байна.