Койка-ийн санхүүжилтээр 5 лаборатори нээгдэв
БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль, ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд өндөр технологи бүхий 5 лаборатори ХААИС-д байгуулагдлаа. Дээрх судалгааны лабораториудын нээлт өнөөдөр /2015.06.23/ болж, КОЙКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Чой Хын Ёл, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, БНСУ-ын Хангёны их сургуулийн профессор Хуан Сон Гү нар оролцов.
“Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нийт санхүүжилт 1,6 сая ам.доллар бөгөөд хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий 5 лаборатори, 2 бүрэн автомат гидропоник хүлэмжийг ашиглалтад оруулаад байна.
1.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний лаборатори
2.Сүү судлалын лаборатори
3.Амьтны биотехнологи
4.Мах боловсруулах лаборатори
5.Мах судлалын лаборатори
6. Бүрэн автомат гидропоник 2 хүлэмж
Эдгээр лабораториудыг ашиглан Монгол малын мах, сүү болон энэ чиглэлийн бүтээгдэхүүний биологи, химийн онцлог шинж чанар, эмчилгээ сэргийлэлтийн шинжүүд, тариалангийн талбайн хөрсний үржил шим, эрүүл ахуйн үзүүлэлт, төмс, хүнсний ногооны эрүүл, аюулгүй байдал гээд ХАА-н бүхий л бүтээгдэхүүнийг шинжлэн тогтоох боломж бүрдлээ.
Харин бүрэн автомат өвөл, зуны хүлэмжинд шинэ төрлийн хүнсний таримал сортууд сорих, ашигт ургамлуудыг тарималжуулах зэрэг судалгааг гүйцэтгэж, ирээдүйн хүнсний үйлдвэрлэлийн шинэ чиглэлийг тодорхойлох боломжтой.
Мөн төслийн хүрээнд ХААИС-ийн 40 орчим багш, судлаач малын үржил, селекци, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдал, ургамал, амьтны биотехнологи, шинэ таримлын судалгаа зэрэг чиглэлээр БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацаагаар суралцаж шинэ технологи, арга зүй эзэмшчээ.
Шинэ технологи, арга зүй эзэмшсэн судлаачид Монгол орны ХАА-н салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр БНСУ-ын Хангёны их сургуулийн эрдэмтэд ХААИС-ийн багш, судлаач оюутнуудтай хамтран дараахь ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал,
-Монголд анх удаа усан үзэм тариалав.
-Зэрлэгээр ургадаг гоёл чимэглэлийн болон эмчилгээ сэргийлэлтийн зориулалттай ургамлуудыг тарималжуулав.
-Мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн үр хөврөл шилжүүлэн суулгах ажил амжилттай болж анхны 8 тугалыг хүлээж авав.
-Мах, сүүн бүтээгдэхүүний зарим технологийг шинээр боловсруулж туршив.