ХААИС “ХЕОС энержи” ХХК-тай хамтран нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж оруулж ирлээ
ХБНГУ-ын “ХЕОС энержи” компани ХААИС-тай хамтран dena-RES төслийн хүрээнд нар, салхины эрчим хүчний бага оврын төхөөрөмжийг Монгол улсад анх удаа оруулж ирэн нээлтээ хийлээ.
Нээлтэд ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Герхард Тийдеманн, Эрчим хүчний агентлагын удирдах ажилтан Габриэл Айхнер, “ХЕОС энержи” ХХК-ийн захирал Доктор Клаус Хоффманн, төслийн Монгол талын зохицуулагч М.Цолмон, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөл оролцлоо.
Монгол улс нь нар, салхины эрчим хүч үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдсэн орон юм. 50мвт-аас авахуулаад нилээн хэдэн томоохон усан цахилгаан станцууд байдаг боловч төвийн шугамаас үл хамаарсан эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж нь Монголын эрчим хүчний секторыг хөгжихөд ихээхэн чухал үүрэгтэй. Цөөхөн хүн амтай орон нутаг, уул уурхай, фермер, малчны хотод эрчим хүч татах нь ашиггүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ХБНГУ-ын Кемнец хотод байрлах “ХЕОС Энержи” ХХК төвийн системээс үл хамаарах дээрх төхөөрөмжийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүллээ.
“ХЕОС Энержи” ХХК-ийн захирал Доктор Клаус Хоффманн 2012 оны 12 сард Герман, Монголын хамтын ажиллагааны форумд Улаанбаатар хотноо оролцохдоо энэ ажлыг хэрэгжүүлэх боломж болон эрсдлийг тооцжээ.
Дээрх төхөөрөмжийг 40 тн чингэлгээр тээвэрлэж ирсэн бөгөөд угсралтын ажил дууссаны дараа чингэлгийг засварын болон агуулахын зориулалтаар хэрэглэхээр суурилуулжээ. Нийт төхөөрөмжийн хамгийн гол зүрх болох тусгай дулаалгатай 20 тн чингэлгийг засварын чингэлгийн дээр байрлуулсан. Энэ тусгай чингэлэгт эрчим хүч хувиргах болон хураах олон тооны цахилгааны болон электроны нарийн хэмжилтийн тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан байна. 15 квт-ын хүчин чадалтай HEOS V 15 маркын төхөөрөмж салхин сэнс болон нарны дэлгэц системээр эрчим хүч үйлдвэрлэнэ. Одоогийн байдлаар нарны дэлгэц системийн чадал 6,44 кWp. Гэнэтийн тохиолдолд хэвийн ажиллагааг хангах зориулалттай бензин-генератор иж бүрдэлд багтжээ.
Энэхүү төслийг ХБНГУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн яамны “Dena-Renewable-Energy-Solutions-Programms”хөтөлбөрийн хүрээнд Германы Эрчим хүчний агентлаг (dena)-ийн санаачлагаар хэрэгжүүлж буй юм.
Дээрх нар, салхины бие даасан төхөөрөмжийг ХААИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний НАРТ төвд суурилуулсан юм.
Дуу чимээтэй Дизель-генераторын оронд дээрх төхөөрөмжийн үйлдвэрлэсэн эрчим хүчээр худгаас усаа татаж, шинэ хүлэмж, засварын газар болон ойр хавийн дотуур байрнуудад цахилгаан түгээсэнд “Нарт” төвийн багш, ажилтан, оюутнууд сэтгэл хангалуун байлаа. Мөн “ХЕОС Энержи” ХХК-ны зүгээс оюутнуудад зориулан оюутны дотуур байранд бие даасан жижиг нарны дэлгэц системийг бэлгэллээ.