Б.Буянзаяа: ХААИС-ийн төгсөгч бүр судлаач, бизнесмен болох боломжтой
Өнгөрсөн он их, дээд сургуулиудын хувьд бүтцийн шинэчлэлийн жил байлаа. Харин энэ жил БШУЯ-ны дэргэд АХБ-ны санхүүжилтээр сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна. Тиймээс Монгол улсын ууган их сургуулиудын нэг болох ХААИС дээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийн шинэчлэл болон бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн онцлог, хөдөлмөрийн зах зээлд эзлэх эрэлтийн талаар Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, доктор Б.Буянзаяатай ярилцлаа.
-Хөтөлбөрийн шинэчлэл гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу. Эцэг, эхчүүд маань төдийлөн сайн ойлгохгүй байж мэдэх юм.
-Хөтөлбөрийн шинэчлэл гэдгийг мэргэжилтэн бэлтгэх цогц үйл ажиллагааны шинэчлэл гэж ойлгож болно. Тухайлбал, мэргэжлийн хөтөлбөрийн зорилго, зорилт, мэргэжилтний мэдлэг, ур чадвар, түүнийг олгох багшлах боловсон хүчин, хөтөлбөрийг авч явах удирдлагын баг, үнэлгээний систем, чанарын баталгаажилт гэх мэт цогц үйл ажиллагааг хэлж байгаа юм. Өмнө нь зөвхөн сургалтын төлөвлөгөө буюу оюутнуудын үзэж судлах хичээлийн хүрээнд авч үздэг байсан бол өнөөдөр сургалтын хөтөлбөрийн агуулга, технологи, үр дүнг шинэчлэх тухай асуудлыг хөндөж байна.
- Мэргэжлийн хөтөлбөрийг шинэчлэх зайлшгүй шаардлага байсан уу. Шинэчилсэнээр эерэг үр дүнд хүрнэ гэсэн тодорхой судалгаа бий юу?
- Хөтөлбөрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байсан. Жишээ нь манай улсад дээд боловсролтой ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн. Эндээс мэргэжилтнүүд маань нийгмийн буюу зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэдгийг харж болно. Тиймээс манай сургууль хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ салбар яамд буюу ХХААЯ, БОНХЯ, холбогдох мэргэжлийн байгууллага, ажил олгогч, төгсөгч, оюутан залуус, профессор багш нар гээд бүхий л талын хамтын оролцоог хангасан. Тэдний саналыг судлан хөтөлбөрийн агуулга, түүнийг хэрэгжүүлэх сургалтын орчин, сургалтын заах арга зүйн шинэчлэлдээ тусгасан болохоор эерэг үр дүн гарна гэсэн тооцоо судалгаа бий.
Хөтөлбөрөө шинэчилснээр салбарын хүний нөөцийн бодлого шинэ түвшинд гарах боломж бүрдэж байгаа юм. Мэргэжилтэй боловсон хүчин өөрийнхөө зорилтот зах зээл дээр ажлын байрыг бий болгоно. Тэр салбарыг хөгжүүлэх хүний нөөц шинэ түвшинд хүрнэ. ХХАА-н талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт энэ тухай тодорхой санал тусгасан. Салбарын цаашдын хөгжлийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин л авч явна шүү дээ. Байгаль, цаг уурын өөрчлөлттэй уялдаад Мал аж ахуй, Газар тариалангийн салбарын үйлдвэрлэл, бизнест шинэ мэдлэг, технологийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг бид мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлээрээ дамжуулан хангах болно. Шинэчилсэн хөтөлбөрөөр суралцагч манай сургуулийн төгсөгч бүр судлаач болохын зэрэгцээ, суралцах явцдаа бизнесээ эхлүүлж бизнесмен болох боломжтой.
- ХААИС-ийн багшлах боловсон хүчний чадамж, суралцах орчин нөхцөл, суралцагчид өөрийгөө хөгжүүлэх боломжийн талаар элсэгчдэд хандан тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- ХААИС-ийн багшлах боловсон хүчний чадамж сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Нийт багш нарын 40,8 хувь нь доктороос дээш зэрэгтэй. Энэ нь тэтгэврийн болон 50 хувийн багш нарыг оролцуулахгүйгээр гаргасан тоо. Зөвхөн 2014-2015 оны хичээлийн жилд гадаадын хамтын ажиллагаатай их, дээд сургуульд 11 багш докторын зэргээ амжилттай хамгаалан, сургуульдаа ирж ажиллаж байна. Энэ бол томоохон амжилт.
Суралцах орчны хувьд гэвэл бид лекцийн сургалтаас лабораторийн, төсөөллийн сургалтаас практик сургалт руу илүү их анхаарч байна. Зөвхөн энэ хичээлийн жилд л гэхэд олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөрийн хүрээнд болон өөрийн санхүүжилтээр 1,5 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн 24 лабораторийг ашиглалтад оруулсан. Ингэсэнээр оюутан, суралцагчдад маань багшийн заасныг туршиж үзэх, практик мэдлэг олж авах боломж илүү нээгдэж байгаа юм. Мөн сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилго, суралцагч бүр судлаач байх гэсэн зорилтоо хэрэгжүүлж чадахуйц болж байна.
Эдгээрийг дүгнэхэд, суралцагчдад өөрийгөө хөгжүүлэх сургалтын орчин бий болсон, олон улсын түвшинд бэлтгэгдсэн багшлах боловсон хүчний чадамж дээшилсэн, заах арга зүй шинэчлэгдсэн байна. Мөн манай сургууль ирэх хичээлийн жилээс богино улиралын системд шилжихээр болсон. Энэ нь хуучин намар, хаврын улиралд 16 долоо хоногоор хичээллэдэг байсныг 8 долоо хоногоор 4 улиралд багтаан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэсэнээр оюутнууд нэг улиралд олон хичээл үзэх биш 1-3 хичээлийг системтэй үзэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл оюутныг тухайн хичээл дээр анхаарлыг нь төвлөрүүлэх боломжоор хангахын зэрэгцээ улирлын чанартай сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийх, цаашилбал сурч, амьдрах бололцоог хангаж байна гэсэн үг.
- Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжил сонгох тал дээр мэдлэг, мэдээлэл багатайгаас болж алдах тохиолдол байдаг. Танай сургуульд төгсөгчдийн сонирхолыг төдийлөн татдаггүй ч ирээдүйд эрэлттэй ямар мэргэжлийн анги байна вэ?
-Мэргэжил сонгохдоо зөвхөн өнөөдрийг биш, ирээдүйгээ харах хэрэгтэй гэж боддог. Монгол улсын хөгжлийн гарц бол хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар. Гэтэл өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн салбарыг хүний нөөцөөр хангах зорилготой сургуульд нийт их, дээд сургуульд суралцагчдын 6,8 хувь нь суралцдаг. ХАА-н салбар маань дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Тиймээс өрсөлдөх чадвар бүхий энэ салбарт боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш их бий. Иймээс сонголтоо хийхээсээ өмнө хөгжлийн гарц болсон салбаруудын ирээдүйн чиг хандлагыг олж харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр олон нийтийг даган дуурайж мэргэжил сонгох нь том алдаа юм. Уул уурхай хөгжихийн хэрээр нөхөн сэргээлт, усан хангамж, экологийн тэнцвэрт байдал, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ.
Сүүлийн үед манай улс ОХУ, БНХАУ, Япон, Вьетнам, Араб гэх мэт оронтой хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Эдгээр гэрээний үр дүн ойрын 4-5 жилийн дотор эрчимтэй хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй уялдаатай хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчний эрэлт нэмэгдэх нь ойлгомжтой.
Өнөөдөр зөвхөн агрономын мэргэжлийн тухайд л гэхэд манай газар тариалангийн бүс нутгийн хөрсний 70 гаруй хувь нь элэгдэлд орсон байна. Үүнийг шийдвэрлэхэд энэ чиглэлийн үйлдвэрлэл, бизнесийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөх, мэргэжилтэй боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Энэ талаар ХХАА-н сайд газар тариалангийн бүс нутагт 1-2 жилд агрохимич, агрофизикчээр шинжилгээ хийх асуудлыг хөндөн тэмдэглэсэн байдаг. Гэтэл тэр үед агрохимичийн орон тоо эрэлттэй болох нь мэдээж. Энэ мэт баталгаажсан бодит эрэлтийг харж мэргэжил сонгох нь зүйтэй юм.
-ХААИС-ийг амьдралын ухааны их сургууль гэж тодорхойлох нь бий. Ер нь ч үйлдвэрлэлтэй их ойрхон сургууль. Мэргэжлийн байгууллагад ажиллахгүй ч мэргэжилдээ тулгуурлан бие даан үйлдвэрлэл удирдан явуулах боломжтой. Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь ХААИС-ийн төгсөгчид байдаг бол. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?
-Хүн төрөлхтөний хамгийн анхны хэрэгцээ бол хүнс. Энэ хэрэгцээг хөдөө аж ахуйн салбараас хангадаг. Энэ үүднээс нь ХААИС-ийг амьдралын ухааны их сургууль гэж тодорхойлох нь бий. Дэлхийн шилдэг ХАА-н салбарын сургуулиуд ч амьдралын ухааны сургууль гэсэн нэрийг өөрийн брэнд болгон авч явдаг. Төгсөөд бие даан үйлдвэрлэл эрхлэх боломж манай төгсөгч бүрт байдаг. Гэхдээ хувь хүний манлайлах болон олон янзын ур чадвараас хамааралтай. Тиймээс бид хувь хүний ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч байна.
Мэдээж Монголын газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт ажиллагчид, бизнес эрхлэгчдийн дийлэнхийг манай төгсөгчид эзэлж байгаа. Бэлчээрийн доройтол, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулаад манай улсад бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн, өндөр ашиг шимт малын үүлдрийг бий болгох мал зүйч, бүтээгдэхүүн, бараа судлалын технологич мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их болж байна.
Олон улсын жишигт нийцсэн энтерпренер их сургууль болох боломж ХААИС-д бүрэн бий. ХАА-н салбар бол сургалт, эрдэм шинжилгээний үр дүн нь хамгийн их хэрэглээ болж үйлдвэрлэлд нэвтэрдэг салбар. Багш, эмч мэргэжлийн хүмүүс төгсөөд зөвхөн багш, эмчээ л хийдэг бол ХАА-н салбарын мэргэжилтнүүд олон талт үйлдвэрлэл, бизнес, судалгаа шинжилгээний ажил хийх, ажлын байрыг өөрсдөө бий болгох бүрэн боломжтой юм.
-ХААИС-ийн элсэлт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-ХААИС энэ жил 25 хөтөлбөр, 46 мэргэжлийн чиглэлээр элсэлт авч байна. Элсэлтийн үйл ажиллагаа Улаанбаатар хотод 7-р сарын 1-ээс 9-ний хооронд зохион байгуулагдана. Online-аар болон өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой. ХААИС дээр ирж бүртгүүлэхийн давуу тал нь сонгох мэргэжлийнхээ талаар багш нараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Online-аар бүртгүүлэхэд ч гэсэн мэргэжлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл манай www.muls.edu.mn цахим хуудаст бий. Хамгийн гол нь сургууль дээрээ ирж, орчин нөхцөлтэй танилцан, эрдэмтэн багш нараас зөвлөгөө авах нь илүү давуу талтай. Дөрвөн жил сураад дөч, тавин жилийн амьдралаа авч явах мэргэжлээ бодитой сонгохыг нийт ЕБС төгсөгчид, дүү нартаа уриалж байна.