ХААИС-ийн “Хөтөлбөрийн шинэчлэл” Лондон хотод …
Тус сургуулийн Мал эмнэл зүйн хөтөлбөрийг 2012 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслийн хүрээнд Лондонгийн их сургуулийн Английн хатан хааны Мал эмнэлгийн сургууль (RVC-Royal Veterinary College)-тай хамтран шинэчлэх ажил явагдаж байгаа билээ.
Мал эмнэлгийн сургууль дээр хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн шинэчлэлийн туршлагаас ХААИС-ийн хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор их сургуулийн захирлаар ахлуулсан ажлын хэсэг Английн хатан хааны Мал эмнэлгийн сургуулийн удирдлага, багш нартай санал солилцох уулзалт зохион байгуулж байна.
Дээрх зорилгын хүрээнд дараах үндсэн чиглэлээр ажиллана. Үүнд:
1. Их сургуулийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй танилцах;
2. Сургалтын хөтөлбөрүүдийн зорилго, зорилтууд, чиглэл бүрийн агуулга, боловсруулах арга зүйг судлах;
3. Сургалтын төлөвлөгөөний бүтэц, сургалтын явцын график, зохион байгуулалтыг нарийвчлан авч үзэх;
4. Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчны талаар;
5. Багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, тасралтгүй хөгжүүлэх, судалгааны болон сурган заах арга зүйн талаар баримталж буй бодлого, зохицуулалт;
6. Багшийн ажлыг үнэлэх систем, цалин, урамшууллын тогтолцоо;
7. Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, чанарын баталгаажуулалтын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
8. Оюутан элсүүлэх бодлого, элсэгчдэд тавигдах шаардлагын талаар;
9. Их сургуулийн удирдлагын мэдээллийн систем, түүнийг хэрэгжүүлж буй байдал;
10.Сургалтын орчин, сургалт, судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах.
Эхний өдөр буюу 04 дүгээр сарын 20-нд тус сургуулийн Клиник үйлчилгээ хариуцсан дэд захирал Dr Graham Milligan сургуулийн эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг харин Dr Julie Clark Английн Хатан хааны Мал эмнэлгийн сургууль (RVC)-ийн бүтэц, нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо, байгууллагын үйл ажиллагаа, оюутны үнэлгээний журам, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй тайлбарлалаа.
Мөн тус сургуулийн оюутнуудын дадлагын бааз болсон фермерийн үйл ажиллагаатай танилцав.