Мал эмнэлгийн сургуульд 160 сая төгрөгийн сурах бичиг бэлгэллээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-04-28 12:00:45

Мал эмнэлгийн сургуульд 160 сая төгрөгийн сурах бичиг бэлгэллээ

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд Япон улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас (ЖАЙКА), 44  хичээлийн 160 сая  тѳгрѳгийн өртөг бүхий 565 ном, сурах бичгийг өнөөдөр /2015.04.28/ хүлээлгэн өглөө.  Дээрх сурах бичгүүд нь орчин үеийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд өргөнөөр хэрэглэгдэж байгаа бөгөөд багш, суралцагчдаас саналыг нь авсан байна. Зарим ном нь 100 удаа хэвлэгдсэн дэлхийн шилдэг сурах бичиг гэлээ.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь Мал эмнэлэг, МАА-н салбарын Хүний Нѳѳцийн Хѳгжлийн Чадавхийг Бэхжүүлэх (VEP) 5 жилийн хугацаатай тѳслийг Япон улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Хүнс, Хѳдѳѳ аж ахуйн Яамтай хамтран 2014 оны 5-р сараас хэрэгжүүлж байна.

 Тус тѳслийн зорилго нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн сургалтыг сайжруулах, малын эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд багш, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд Хоккайдогийн их сургуулийн профессор багш нар ирж, онол практикийн хичээл заах, Мал эмнэлгийн сургуулийн 16 багш дээрх сургуульд урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон ажил хийгджээ. Мөн тус сургуулийн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 1 тэрбум, 100 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөгдсөнөөс 552 сая төгрөгийнх нь угсрагдаад байгаа аж.  Мөн цаашид багш, судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ.

Ном хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Япон улсын Тотторигийн их сургуулийн Хуурай бүс судлалын төвийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” номын 2-р дэвтрийг тус төвийн эрхлэгч Ж.Ундармаа ХААИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоод гардуулан өгсөн юм. Тус номд ургамал тус бүрийн ургамалзүйн шинж, цэцэглэх, үрлэх хугацаа, ургах орчин, тархац, хэрэглээ зэргийг монгол, англи хэл дээр тодорхой бичсэн нь мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлийн багш, суралцагч, мэргэжилтнүүдэд нэн хэрэгцээтэй сурах бичгийн нэг байх болно гэлээ.