Арьс шир судлал, үйлдвэрлэл, биотехнологийн талаар судлаач оюутнууд илтгэлээ хэлэлцүүлэв

Нийтлэгч : .
Огноо: 2015-04-29 12:43:54

Арьс шир судлал, үйлдвэрлэл, биотехнологийн талаар судлаач оюутнууд илтгэлээ хэлэлцүүлэв

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, ШУТИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургуулиуд хамтран “Арьс шир судлал, арьс ширний үйлдвэрлэлийн биотехнологи ба автоматжуулалт” олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 4-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 28 судлаач оюутны бүтээл ирснээс шилдэг 14 илтгэлийг энэ өдөр хэлэлцүүлсэн юм.

Тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч ХААИС-ийн МААБТС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш Б.Итгэл “Арьс ширний салбар бохирдол ихтэй, хортой үйлдвэрлэлгэдэг бол буруу ойлголт юм. Өнөөдөр арьс шир боловсруулах технологийн түвшин маш өндөрт хүрсэн. Байгаль орчинд ээлтэй, хүнд хор багатай үйлдвэрлэлийг дэлхийн улс орнууд хэдийнэ явуулаад эхэлсэн. Манай улсад ч энэ туршлагыг үйлдвэрүүддээ нэвтрүүлж эхэлж байна. Тиймээс арьс ширний салбарт энэ технологийг эзэмшсэн, чадвартай мэргэжилтнүүд хэрэгтэй. Төр засгаас арьс ширний салбарыг дэмжиж буй энэ цаг үед бид ч мөн чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Тус эрдэм шинжилгээний бага хурлын ач холбогдол нь оюутнуудыг энэ салбарт ажиллах болон судалгаа шинжилгээний ажил хийх идэвх оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй” хэмээн ярилаа.

Мөн энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг арьс шир үйлдвэрлэгч компаниуд дэмжин оролцож буйгаараа онцлог аж. Тухайлбал, “Мон-Ирээдүй”, “Mon-It Buligaari”, “Миделмен”, “Армоно”, “Фучеэр холдинг” компаниуд болон ОХУ-ын “Эком” инновацийн үйлдвэрийн газар ивээн тэтгэгчээр оролцжээ. Гурван жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус хурал жилээс жилд цар хүрээгээ тэлж, оюутан судлаачдын тоо нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолж байв.