Газар тариалангийн салбар тойрсон асуудлаар эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид хэлэлцлээ

Нийтлэгч : .
Огноо: 2015-05-06 15:03:11

Газар тариалангийн салбар тойрсон асуудлаар эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид хэлэлцлээ

“Газар тариалангийн хөгжил 2015” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Хурлаар хөрсний үржил шим, хяналтын тогтолцоо, таримлын технологи, үрийн аж ахуй, ургамал хамгаалал, техникийн шинэчлэл, тариалангийн газрын ашиглалт, бүртгэл үнэлгээ, ургамлын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн бодит хэрэгцээ, менежмент, төрийн тогтвортой бодлого зэрэг газар тариалангийн салбарыг тойрсон өргөн хүрээтэй асуудлаар эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Тус хурлыг ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас зохион байгуулж, ХХААЯ, МХЕГ, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ, Ургамал хамгааллын хүрээлэн, Инженер технологийн сургууль, Монгол төмс хөтөлбөрийн зохицуулагч, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд оролцов.

Хуралд оролцогсод газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа урамшуулалд тулгуурласан өнөөгийн төрийн бодлого зөв үү, цаашид үр тариагаа экспортлох хэмжээнд хөгжих боломж бий юу, цаасан дээрх төлөвлөгөө шигээ энэ салбар үргэлж өсөлттэй байж чадах уу, тайлан, илтгэлд тавигддаг тоо баримт бодитой юу гээд тулгамдсан олон  асуудлаар санал солилцлоо.

Атрын 3-р аяныг эхлүүлсэн өнгөрсөн жилүүдэд уналтат ороод байсан энэ салбар сэргэж, үр тариагаар дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн ч тариаланчид тодорхой нэгдсэн бодлогогүй, техник, технологийн заавар зөвлөмжийг нарийн мөрддөггүйгээс 580 мянган га тариалангийн талбайд хийсэн шинжилгээгээр 61,4 хувь нь хүчтэй элэгдэлд орсон, монгол орны хөрсөнд нутагшаагүй үр сорт сонгож, тариалдгаас өвчин хортонд өртөх, дутуу болцтой ургац авах гэх мэт тодорхой эрсдэлүүдийг дагуулсаар байна. Мөн Монгол орны газар нутгийн 74 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг ч харьяа яамандаа ямар ч харьяалалгүй явж ирсэн нь эргээд үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн бэрхшээл болж байгааг ХХАА-н сайд Р.Бурмаа онцолж байлаа.

Хурлаар газар тариалангийн салбар тойрсон тулгамдсан асуудал, өнөөгийн байдлын талаар эрдэмтэн судлаачид 15 илтгэл хэлэлцүүлж, ХХАА-н сайд Р.Бурмаа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Ц.Болорчулуун болон ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, албадын дарга нар, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцов.