ХХАА-н сайд Р.Бурмаа Агроэкологийн сургуулийн зарим лабораторитой танилцав
ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр /2015.05.06/ болсон хурлын үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Ургамлын үржүүлгийн лаборатори, ургамлын стресс, физиологийн лаборатори, Агропаркийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Ургамлын үржүүлгийн лаборатори энэ оны 3-р сард хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, цэцэг болон бусад ховор ургамлуудын үрийг үржүүлэх, тасалгаанд болон хөрсгүй орчинд төрөл бүрийн ургамал ургуулах шинэ арга технологийг нэвтрүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Одоо энд 10-аад төрлийн хүнсний ногооны үрслэг, 30-аад төрлийн цэцэг, гүзээлзгэний эрлийз сорт гаргаж авах ажлыг хийж байна.
Харин ургамлын стресс, физиологийн лаборатори нь энэ оны 1 дүгээр сард байгуулагдсан. Тус лабораторит таримал ургамлын стресст ордог гол хүчин зүйл болох фотосинтизийн үйл ажиллагаа мөн гангийн стрессийг судлах зорилготой гар багажуудыг Солонгос улсаас оруулж иржээ. Гар багажийн программыг компьютерт суулгаснаар таримал ургамлын стрессын дүгнэлт гаргах боломжтой болсон байна.
Таримал ургамал нь гэрэл, дулаан, хүйтэн, шим тэжээлийн бодис мөн пестицидийн гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан стресст орсноос өсөлт хөгжил муудах, өвчлөх, ургац алдах нөхцөл бүрддэг ажээ.