МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр |
Улаанбаатар хот |
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль тогтоомж
2.1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4.”боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.8. “багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.
3.1.9.“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;
/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.10.”сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.11.“төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.12.“сургуулийн нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.13.“олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг;
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.14.“ерөнхий боловсролын лаборатори сургууль” гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.15.“боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг.
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Боловсролын зорилго
4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно;
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.
6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг
6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо
7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.
8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр
8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.
8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл. Боловсролын баримт бичиг
9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.3.Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.4.Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын агуулга, стандарт
10 дугаар зүйл. Боловсролын агуулга
10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
11 дүгээр зүйл. Боловсролын агуулгын түвшин, стандарт
11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.3.Боловсролын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай[1] хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Боловсрол, сургалтын стандартыг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын байгууллага
12 дугаар зүйл. Боловсролын байгууллага
12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын байгууллагыг дор дурдсанаар ангилна:
12.2.1.ашгийн төлөө бус;
12.2.2.ашгийн төлөө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13 дугаар зүйл. Боловсролын байгууллагын тогтолцоо
13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн боловсролын үнэлгээний болон бусад байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.2.Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын
сургалтын байгууллага
14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, байна.
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.2.Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
141 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
141.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.
141.2.Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна.
/Энэ зүйлийг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага
15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.
16 дугаар зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага
16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.2. Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
16.3. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын газар нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.4. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, орон тоо дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь дараах чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг тасралтгүй эрхлэх байнгын бүтэцтэй байна:
16.5.1.боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын үнэлгээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх;
16.5.2.сурах бичгийн агуулга, арга зүй, боловсролын удирдлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, мэдээлэл, холбооны технологид суурилсан сургалт.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага
17.1.Албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага нь албан бус боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, албан бус боловсрол, насан туршийн тасралтгүй боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд зохион байгуулах, орон нутгийн албан бус боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, албан бус боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
171 дүгээр зүйл.Боловсролын үнэлгээний байгууллага
“171.1.Боловсролын үнэлгээний байгууллага нь /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ сурлагын амжилт, бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ерөнхий боловсролын түвшин, суралцагчдын мэдлэг, чадварыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн.
171.2.Боловсролын үнэлгээний төвийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Сургалтын бусад байгууллага
18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно.
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай2 хуулиар зохицуулна.
19 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллага байгуулах