“Бэлчээр Судлалын Олон Улсын 23-р их хурал“-д манай судлаачид оролцож байна
“Бэлчээр судлалын олон улсын 23-р их хурал“ БНЭУ-д 2015 оны 11-р сарын 19-24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хуралд ХААИС-ийн хүндэт профессор, доктор С.Ямасаки, доктор Б.Баасанжалбуу, докторант Г.Чулуунбат нар оролцож, “Бэлчээрийн Монгол малын махны чанарын зарим үзүүлэлтэд нэмэгдэл тэжээлийн үзүүлэх нөлөө”, “Бэлчээрийн Монгол малын амьдын жин, өсөлт хөгжилтөд нэмэгдэл тэжээлийн үзүүлэх нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний 2 илтгэлийг хэлэлцүүлжээ. Тус Конгрессд Дэлхийн 47 орны 250 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаа аж.
ХААИС нь Японы Хөдөө Аж Ахуйн Олон Улсын Судалгааны Төвтэй хамтран 2011 оноос “Бэлчээрийн эрсдэл” 2-р шатны төслийн судалгааны ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Японы судлаач, ХААИС-ийн хүндэт профессор, доктор С.Ямасаки, ХААИС-ийн “Бэлчээр тэжээл судлал, менежмент” профессорын багын профессор, ШУ-ы доктор, профессор Н.Тогтохбаяр, доктор, дэд профессор Б.Баасанжалбуу, докторант С.Баярмаа, Г.Чулуунбат, магистрант П.Цэдэвдорж нар бэлчээрийн ургац, бүтээмжийг үнэлэх, малын тэжээлийн чанар, хангамжийг сайжруулах, бэлчээрийн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон сэдэвт судалгааны ажил гүйцэтгэж байгаа юм.