“Эрүүл мэнд-Эрхэм баян“ сэдэвт арга хэмжээ болов
Оюутан залуусын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, тэдэнд амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор ХАА-н төв номын сангаас 2015 оны 11-р сарын 27-ны өдөр “Эрүүл мэнд-эрхэм баян” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга, клиникийн профессор Ч. Уртнасан, ХААИС-ийн эмч, клиникийн профессор Д. Цэнд нар оролцож, оюутан залууст мэдээлэл өглөө.Уртнасан профессор хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, төвлөрөл, аялал жуулчлал зэрэг даяаршлын үеийн олон хүчин зүйлийн нөлөөгөөр шинээр үүсч бий болж буй халдварт өвчнүүд, сүүлийн үед бүртгэгдэж гарахаа больсон ямар ямар өвчин дахин сэргэж оношлогдох болсон талаар, мөн хүн амын дунд өргөн тархацтай байгаа халдварт өвчнүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэзээ, хэнд, хаана хандаж тусламж үйлчилгээ авч болох зэрэг цогц мэдээллийг өгсөн юм. Харин ХААИС-ийн эмч Цэнд оюутнуудад сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар танилцуулж, нийтийн дунд тархаж буй томуу өчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай болон өдөр тутам хийх дасгалыг зааж өгсөн нь оролцогчдын талархлыг хүлээж байлаа. Энэ өдрийн арга хэмжээ нь амьдралын зөв дадал хэвшил, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг олгоход чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.