“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2015-12-01 17:41:15

“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо 

            Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөл, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран “Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ, онол парктикийн бага хурлыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс 2013 онд зохион байгуулсан “Хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” мөн Мал эмнэлгийн хүрээлэнгээс залуу судлаачдын санаачилгаар зохион байгуулсан “Шинэ үе-2013” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нэгтгэн өргөжүүлж, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн 40 хүртэлх насны багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд “Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлыг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон билээ.              Энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын зорилго нь тэргүүлэх судалгааны их сургууль болох зорилгынхоо хүрээнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгийн залуу багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулах, эрчимжүүлэх, эрдэм судлалын ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуу үеийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж буй юм.

            Тус эрдэм шинжилгээний бага хуралд ХАА-н шинжлэх ухааны салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, технологи дамжуулалт, сайн туршлага зэрэг асуудлыг хөндсөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажил байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг хангасан 13 илтгэлийг хүлээн авсанаас 12 илтгэл амаар хэлэлцэгдлээ.

Илтгэгчдийг харьяаллаар нь авч үзвэл ХААИС-иас таван багш, үүнээс Мал аж ахуй биотехнологийн сургуулиас нэг, Агро экологийн сургуулиас хоёр, Инженер, технологийн сургуулиас нэг, Эдийн засаг, бизнесийн сургуулиас хоёр багш, Дарханы Ургамал, газар тариалан, сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хоёр, Мал эмнэлгийн хүрээлэнгээс хоёр, МААЭШХ-ээс хоёр, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс нэг судлаач тус тус оролцсон байна.

Үүнээс шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санааг дэвшүүлсэн, нийгмийн тулгамдаж байгаа асуудалтай холбогдсон, судалгааны  цар хүрээг оновчтой тодорхойлсон, онол, практикийн өндөр ач холбогдолтой зэрэг нарийвчилсан шаардлагыг хангасан гурван судалгааны ажлыг шалгаруулсан юм.

Нэгдүгээр байрыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач С.Гантуяа “Монголд шинээр дахин сэргэж буй зооноз лэйшманиозын судалгааны дүн”, мөн нэгдүгээр байрыг Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач С.Наранцацрал “Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгч trypanosoma-ийн in vitro өсгөвөр гарган авсан дүн”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн нэрэмжит шагналыг Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш Б.Урантүлхүүр “Мал аж ахуйн тэжээлийн судалгаанд пробиотикоор ашиглагдах Bacillus amyloliquefaciens H57-ын судалгаа ба метагеномикс” судалгаагаар тус тус хүртлээ.

“Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлын энэ жилийн онцлог нь илтгэл, хэлэлцэл англи хэлээр зохион байгуулагдсан явдал юм. Дэлхийн нийтийн мэдээллийн, шинжлэх ухааны хэл нь англи хэл учраас судлаач, судалгааны ажлаа дэлхийн төвшинд өрсөлдүүлэхийн тулд бид алхам алхмаар энэ чиглэлд урагшлах ёстой гэж зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлсэн.