“Хуурай бүс нутгийн бэлчээрийг хамгаалах” төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо
Японы ХАА-н судалгааны олон улсын төв /JIRCAS/ -өөс БНХАУ-ын Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Зүүн хойд Азийн хуурай бүс нутгийн уур амьсгалын эрс тэс өөрчлөлтийн нөлөөгөөр үүсэх эрсдэлд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуй эрхлэх тогтолцоог бүрдүүлэх нь” төслийг 2011 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
“Хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дээрхи төслийн сүүлийн 4 жилд гүйцэтгэсэн судалгааны үр дүнг хэлэлцэх Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2015.12.03/ боллоо.
Тус төслийн зорилго нь нэгэнт бий болсон сөрөг үзэгдэлтэй тэмцэх биш, юунаас үүдэлтэйг нь тодорхойлж, зөв хандлагыг төлөвшүүлэх, залуу судлаачдыг чадавхижуулах, судалгааны орчныг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Төслийн хүрээнд 20 гаруй оюутан бакалавр, 10 гаруй судлаач магистрын зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд одоогоор 10 гаруй магистрант, докторант оюутнууд судалгааны ажлаа гүйцэтгэж байна.
Мөн судалгааны орчныг бэхжүүлэх ажлын хүрээнд бэлчээр, тэжээлийн үнэлгээний орчин үеийн лабораторийг ХААИС дээр байгуулсан нь тус их сургуулийн судлаачдад өргөн боломж олгож байгаа билээ.
Удирдах зөвлөлийн хурлын үеэр төслийн үйл ажиллагааг товч танилцуулж, “Өргөн хүрээг хамарсан бэлчээрийн даацыг шуурхай мэдээлэх, зураглал гаргах аргачлал боловсруулах”, “Эрдсдлийг бууруулж, мал аж ахуйн тогтвортой менежментийг хангахад шаардлагатай технологи боловсруулах”, “Эрсдэлд тэсвэртэй менежментийн аргыг танилцуулах” зэрэг сэдвээр өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Тус хуралд төслийн удирдах зөвлөлийн гишүүн, судлаач A.Oshibe, А.Hirano, S.Oniki, T.Matsumoto, S.Yamsaki, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга болон ХХААЯ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн, Төв, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга нар оролцлоо.
JIRCAS олон улсын байгууллагын гол зорилго нь хөгжиж буй орнуудыг хүнсний дутагдал болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зохистой технологи, зөв шийдлийг боловсруулахад оршдог аж.