"Пробиотикийг /ашигтай бичил биетэн/ хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл" сэдэвт олон улсын симпозиум боллоо
Мал эмнэлгийн хүрээлэнгээс “Азийн сүүн хүчлийн бактери судлаачдын холбоо”-той /AFSLAB/ хамтран "Пробиотикийг /ашигтай бичил биетэн/ хэрэглэх шинжлэх ухааны үндэслэл" сэдэвт олон улсын симпозиумыг ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд 8-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Симпозиумын үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хүрээлэн, түүний дэргэдэх Пробиотикийн судалгаа, үйлдвэрлэлийн төвийн судлаачид болон Монголын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш профессорууд оролцож сүүн хүчлийн нянгийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ илтгэл тавьж хэлэлцүүллээ. Симпозиумыг зохион байгуулахад Азийн холбоо ихээхэн ач холбогдол өгч, ерөнхийлөгч, профессор Тадао Сайто тэргүүтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг оролцуулав. Симпозиумд гадаад дотоодын 20 гаруй илтгэлүүдээс шалгаруулан, 12 илтгэлийг шүүн хэлэлцсэний дотор гадаадын тэргүүлэх 4 судлаачийн илтгэл оржээ. Мөн илтгэлүүдийн хураангуйгаар ном хэвлүүлсэн байна.
Монголд пробиотикийн судалгааны эхлэлийг академич Ш.Дэмбэрэл болон түүний судалгааны хамт олон 1990 оноос эхлүүлжээ. Тэрээр, тус симпозиумын үеэр анх хоёр гуравхан хүний хэмжээнд эхэлж байсан пробиотикийн судалгаа өргөжин хөгжсөөр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ШУТИС, ЭМШУИС-ийн эрдэмтэн судлаачдыг хүрээндээ нэгтгэж, улмаар олон улсын түвшинд үр дүнгүүдээ хэлэлцүүлж эхэлсэнийг онцлоод пробиотикийн судалгааны ажлыг бүх талаар дэмжиж ирсэн Мал эмнэлгийн хүрээлэнгийн үе үеийн удирдлагуудад талархлаа илэрхийлсэн юм.
AFSLAB-ын уулзалт, симпозиум нь хоёр жилд нэг удаа болдог уламжлалтай бөгөөд тус холбооны анхны хурал 2002 онд БНСУ-д зохион байгуулагдаж байжээ. Манай улсад анх 2008 онд зохион байгуулж байсан бол энэ удаа ийнхүү хоёр дахь удаагаа тус холбооны уулзалт симпозиумыг амжилттай зохион байгуулж байна.
Тус симпозиумын үеэр Пробиотикийн судалгаа, үйлдвэрлэлийн төвийн судлаач Э.Баяртай товчхон ярилцсан юм. Тэрээр 2009 оноос бифидобактерийн судалгааг эхлүүлж нутгийн бифидум омгийг гаргаж авчээ. Мөн өнгөрсөн жил судалгааныхаа чиглэлээр Японы Хоккайдо мужийн Rakuna Gakuen их сургуульд зочин судлаачаар 10 сарын хугацаатай ажиллаад ирсэн. Энэ удаагийн олон улсын симпозиумд Япон улсад хийсэн судалгааны ажлынхаа зарим хэсгээс илтгэл тавьж оролцжээ.
Э.Баяр: Судалгааныхаа хүрээг өргөтгөх боломж гэж харж байна
- Пробиотикийн талаар ойлголтыг манай уншигчдад өгөхгүй юу. Мөн манай улсад хийгдэж буй судалгааны ажлын талаар танилцуулвал?
- Эзэн биеийнхээ дархлааны тогтолцоо, эрүүл мэндэд ашиг тустай, эмгэг төрүүлэгч бактериудын үржлийг саатуулдаг бактериудыг пробиотикт хамааруулдаг. Тухайлбал, сүүн хүчлийн бактери болон бифидо бактери нь гол төлөөлөгчид юм. Монголд пробиотикийн судалгааг хийж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд бид сүүн хүчлийн бактери, эслэг задлагч бактерийн нутгийн хэд хэдэн омгуудыг гаргаж аваад байна. Мөн үйлдвэрлэл-хэрэглээ болгосон омгууд, бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээлбэл, Сүүн хүчлийн бактерийн нян агуулсан лактобактерийн СТХ I, II, III цуврал бэлдмэлүүдийг гаргасан. Үүнийг хүнсний нэмэлтээр, мөн нялх төлийн гүйлгэх шинжтэй гэдэсний эмчилгээ, сэргийлэлтэнд зориулсан хэлбэрээр үйлдвэрлэж байна. Мөн бид ЭМШУИС-тай хамтарч өөрсдийн гаргаж авсан сүүн хүчлийгн бактерийн омгийг хеликобактерит туршиж үзсэн. Тэгэхэд хеликобактери pylory /H.pylory/-ын өсөлтийг дарангуйлж байсан зэрэг судалгааны үр дүн үзүүлсэн.
- Таны хувьд хэзээнээс энэ төрлийн судалгаа хийж эхэлсэн бэ?
- Бифидобактерийн судалгааг 2009 оноос хойш хийж байна. Нутгийн бифидум-3 гээд омог гаргаж авсан. Өнгөрсөн жил судалгааныхаа чиглэлээр Японы Хоккайдо мужийн Rakuna Gakuen их сургуульд зочин судлаачийн хөтөлбөрт хамрагдаж 10 сарын хугацаатай судалгаа хийж байгаад ирлээ. Өнөөдөр Японд хийсэн судалгааны ажлынхаа зарим хэсгээс “The result of organic acid production activity of Bifidobacterium longum and Bifidobacterium breve isolated from Infants feces” гэсэн сэдвээр илтгэл тавьж оролцож байна. Энэ судалгааны ажлынхаа хүрээнд бифидобактерийг нялх хүүхдийн бааснаас ялгаж аваад тэндээс ялгаж авсан омгуудынхаа органик хүчилүүд /L, D хүчил, цууны хүчил/ үүсгэх чадварыг нь судлаад, тэдгээр омгуудаа PCR-ын аргаар баталгаажуулж, энд омгоо аваад ирчихсэн, одоо антогонист, антибиотикт тэсвэрлэх идэвхийг нь судлах шатандаа явж байгаа, үргэлжилж байгаа судалгаа юм.
- Залуу судлаачийн хувьд AFSLAB-ын олон улсын симпозиумын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
- Энэ симпозиумд оролцсоноор гадны судлаачдаас туршлага, мэдээлэл солилцох боломжийг нээдэг. Тэр утгаараа орчин үеийн түвшинд хийгдэж байгаа судалгаануудыг өнөөдөр нэг дор сонсох завшаан тохиож байна. Олон улсын судлаачидтай танилцах, судалгааныхаа хүрээг өргөтгөх боломж гэж харж байна.