Чой Ил Шин-д ХААИС-ийн хүндэт профессор цол олгов

Нийтлэгч : .
Огноо: 2015-09-01 13:16:11

Чой Ил Шин-д ХААИС-ийн хүндэт профессор цол олгов

БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль,  ХААИС-тай хамтран “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг хоёр жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн билээ. Нийт 1.6 сая ам.долларын санхүүжилттэй дээрх төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн БНСУ-ын Хангёны их сургуулийн профессор Чой Ил Шин-д ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын нийт гишүүдийн саналаар хүндэт профессор цол олгосоныг өнөөдөр /2015.08.24/ гардуулан өгөх ёслол боллоо. Мөн  тус сургуулийн профессор Хуан Сон Гү, Ким Ван Соб, Нам Ки Үн, Ким Тэ Ван нарт ХААИС-ийн АЛТАН ГЭРЭГЭ-г хүндэтгэн олгов.

Энэ үеэр ХААИС-ийн ректор Т.Хэрүүга хэлэхдээ, “Манай сургууль энэ жилээс ХАА-н боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажилласан хүмүүстээ ГЭРЭГЭ олгож байна. Энэ нь алт, мөнгө, хүрэл гэсэн гурван хэлбэртэй. Гэрэгэ нь жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай Монгол үг. Монголчууд Хүннү, Кидан улсын үеэс харь оронд илгээх бичгийг 1-2 тохой урт самбарт бичиж, хааны зарлиг бүхий пайзтай элч одвоос зам тохиолдох газар бүр түүнд унаа, хүнс залгуулж нийлүүлдэг байсан эртний түүхтэй. Тиймээс ХААИС, ХАА-н шинжлэх ухаанд оруулсан та бүхний хувь нэмрийг үнэлж ийнхүү хүндэтгэл үзүүлж байна” гэв.

Харин Хангёны их сургуулийн профессор Чой Ил Шин, “Би 7 жилийн хугацаанд ХААИС-тай хамтран ажиллаа. Цаашид ч олон чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

 “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд ХААИС-д сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий 5 лаборатори, 2 бүрэн автомат гидропоник хүлэмж ашиглалтад орж, багш, судлаач нар тус сургуульд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдаж, мэдлэг, мэргэжилээ дээшлүүлсэн билээ.