Мал эмнэлгийн сургууль практик дадлыг хөгжүүлэх мал үзлэгийн зогсоол бүхий байгууламжтай боллоо
Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн оюутнуудын практик дадлыг хөгжүүлэх мал үзлэгийн зогсоол бүхий байгууламжийн нээлт 2015 оны есдүгээр сарын 25-нд боллоо.
Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсын мал эмнэлгийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2012-2015 онд “Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж байна. Тус төсөл нь мал эмнэлгийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхыг сайжруулах, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн бакалаврын сургалтад дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг Мал эмнэлгийн сургуульд хэрэгжиж буй бакалаврын сургалтад дэмжлэг үзүүлэх төслийн гол зорилго нь сургалтын хөтөлбөрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, сургалтын материаллаг орчныг сайжруулахад оршино.
Энэхүү зорилгынхоо хүрээнд багш нарын заах арга зүйн сургалт, богино хугацааны туршлага судлах аялал, мэргэжил дээшлүүлэх сургалт, англи хэлний сургалт, менежмент, удирдан манлайлах, багаар ажиллах чадвар хөгжүүлэх сургалт явуулах, мал эмнэлгийн боловсролын олон улсын хуралд оролцуулах, клиник ур чадвар хөгжүүлэх хэрэгслээр хангах, интернет уншлагын танхим байгуулах, Мал эмнэлгийн клиникийн өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн зэрэг олон ажил хэрэгжүүлсний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй оюутнуудын практик дадлыг хөгжүүлэх малын үзлэгийн зогсоол бүхий байгууламж юм.
Мөн төслийн хүрээнд Мал эмнэлгийн сургууль шинэ хөтөлбөрөө дэлхийн мал эмнэлгийн сургуулиудаас чансаагаараа гуравдугаарт жагсдаг Лондоны их сургуулийн Хатан хааны мал эмнэлгийн сургуулийн хөтөлбөрийн загвар, тус сургуулийн багш нарын мэргэжил арга зүйн зөвлөгөөнд тулгуурлан боловсруулсан.
Малын эрүүл мэнд төслөөс Мал эмнэлгийн сургуультай зөвшилцөн дэлхийн энэхүү тэргүүлэх сургуультай хамтран ажиллаж, тэдний зөвлөх үйлчилгээг санхүүжүүлжээ. Мал эмнэлгийн сургуулийн шинэ хөтөлбөр ХААИС-ийн Хөтөлбөрийн хороогоор батлагдаж 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлээд байна. Дээр дурдсан бүхий л үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлагаас 1,2 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн байна.