Агроэкологийн сургууль Монголын архитекторуудын эвлэлийн гишүүн байгууллага боллоо
Дэлхийн архитектурын өдрийг тохиолдуулан МАЭ-ээс архитектурын сургалттай ШУТИС-ын Барилга архитектурын сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монгол үндэсний их сургууль, Их засаг олон улсын их сургуулийн Дүрслэх урлаг дизайны сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Сити дээд сургууль, Дизайн урлагийн дээд сургуулиудад гишүүн байгууллагын гэрчилгээ олгох хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Агроэкологийн сургуулиас Газрын менежментийн тэнхимийн эрхлэгч доктор С.Сайнбаяр, доктор С.Одонгэрэл, Х.Мөнхтүвшин, А.Билгүүн, Э.Батзаяа багш нар оролцлоо.
Монголын архитекторуудын эвлэл нь 1963 онд анх байгуулагдсан олон улсын архитекторуудын эвлэлийн жинхэнэ гишүүн, Азийн архитекторуудын эвлэлийн гишүүн байгууллага юм. Энэхүү эвлэлд гишүүн байгууллага болсоноор мэргэжлийн чиглэлийн мэдээ мэдээлэлээр хангагдах зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцох, салбарын норм дүрэм стандарт боловсруулахад оролцох зэрэг боломжууд нээгдэж байгаа юм.
МАЭ-ээс 2015 оны хавар санаачлан зохион байгуулсан “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал нь архитектурын боловсролын системд ЮНЕСКО, Олон Улсын Архитекторуудын Эвлэлийн хамтран баталсан хөтөлбөр, дүрэм, стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухай байсан юм.