“Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк” болгон өөрчилж их сургуулиудад шилжүүллээ
Монгол Улсын Засгийн газар их сургууль, эрдэм шинжилгээний байгуулага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих үүднээс шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлын эхлэлийг өнөөдөр /2016.03.03/ тавьж Мэдээлэл технологийн үндэсний паркт нээлтээ хийв.
Мэдээлэл технологийн үндэсний паркийг МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг МУ-ын Ерөнхий сайд Сайханбилэг хэлж, их сургуулийн захиралуудад батламж гардууллаа.
Ийнхүү их сургуулиуд шинжлэх ухааны парктай болсноор оюутан судлаачид өндөр хурдтай интертнет бүхий оффисын байранд өөрийн бүтээлч шинэ санаагаа туршиж үзэх, багаа бүрдүүлэх, туршилгатай зөвлөгч багш нараас зөвлөгөө, мэдээлэл авах, улмаар өөрсдийн гарааны компанийг байгуулан Шинжлэх ухааны паркийн инкубаторт элсэн орох боломжтой болох юм.
Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга ХАА-н салбарт хэрэгжиж байгаа шинжлэх ухаан, технологийн ололт, эрдэмтдийн судалгааны үр дүн, бүтээлийг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ, Өнөөдөр дэлхий дахин био, нано, материалын болон мэдээллийн технологид суурилсан хөгжлийн шинэ үе рүү шилжиж байна. Улс орнуудын хөгжлийн түвшин нь мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Үүний нэг жишээ нь Израиль, Финланд, Сингапур зэрэг улс орнууд технологийн шинэчлэл, бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, шинжлэх ухаан, инноваци, үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар 10-25 жилийн дотор хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Солонгос улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.3, Израйлд 4,1, Японд 3,6, Финландад 3,2 хувийг шинжлэх ухаан, инновацийн салбарт зарцуулж байна.
Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болжээ. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжихэд анхаарч байна.
START UP гэж дэлхий дахинаараа ярьдаг. Гараанаас эхэлж байгаа анхны бизнес, энэ компаниудын өсөлтөөс улс орны маргааш шууд шалтгаалдаг. Манай улсад 1960-2000 он буюу 40 жилийн хугацаанд 1656 шинэ бүтээл бүртгэгдэж байсан. Харин 2000 оноос хойш 15 жилийн хугацаанд 2688 болж, 40 жилийн хугацаанд хийсэн ажлыг сүүлийн 15 жилд хоёр дахин нугалжээ. Ашигтай загвар буюу боловсронгуй болгож чадсан энэ загвар сүүлийн 15 жилд 3036 бүртгэгдсэн, бүтээгдэхүүний загвар 6040 болж 5-6 дахин өсчээ. Эдгээр баримт бидэнд ямар их боломж, хүч байгааг илтгэж байна гэв. Мөн их сургуулиудын судалгааны бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.