“Монгол Улсын газар тариалангийн хөгжил 2016” эрдэм шинжилгээний хурал болов
“Монгол Улсын газар тариалангийн хөгжил 2016” эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн олон улсын хурал гуравдугаар сарын 11, 12-нд боллоо. ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монгол экологийн бордоо ХХК, MIM байгууллагаас хамтран зохион байгуулсан тус хурал “Бордооны үйлдвэрлэл ба хэрэглээ”, “Хөрс хамгаалалд буурцагтан ба модлог ургамлын ач холбогдол” гэсэн ерөнхий сэдвийн доор зохион байгуулагдав. Хуралд ХААИС-ийн удирдлага, НҮБ-ын ХХАА-н газрын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, Буриадын ХАА-н академи, ӨМӨЗО-ны судлаачид болон ХААИС-ийн эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Судлаачид Монгол орны тариалангийн газрын хөрсний үржил шимийн төлөв байдал, бордооны хэрэгцээ, ОХУ болон БНХАУ-ын бордооны үйлдвэрлэл ба хэрэглээ, Монгол экологийн бордоо, Царгасны ач холбогдол, ӨМӨЗО-ны мод үржүүлэг болон ойжуулалтын технологийн горим зэрэг 10 гаруй сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд оролцогсод Монгол орны газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа бэрхшээл, цаашдын хөгжлийн талаар ярилцаж, хөрш орнуудын туршлага, баримталж байгаа бодлогын тухай харилцан санал солилцлоо.