Бүгд Найрамдах Беларусь Улсын ХХАА-н орлогч сайд зочлов
Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн орлогч Сайд ноён Александр Михайлович Субботин тэргүүтэй төлөөлөгчид ХААИС-д /2016.03.17/ зочиллоо. Төлөөлөгчид ХААИС-ийн удирдлагатай уулзан хоёр орны ХАА-н техник, технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Мөн Беларусийн ШУА-ийн дэргэдэх ХАА-н механикжуулалтын төвийн захирал Сергей Григорьевич Яковчик ХААИС-ийн Инженер, технологийн сургуультай хамтран ажиллахаар боллоо. Зочид Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашкогийн хамт 2016 оны гуравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан юм. Айлчлалын үеэр БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нартай тус тус уулзаж, тухайн салбаруудад Монгол, Беларусийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Хоёр талын харилцааг барилга, хот тохижилт, зам засвар, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлд идэвхжүүлэх боломжтойг талууд онцлоод хамтын ажиллагааны төслүүдийг ажил хэрэг болгохын тулд санхүүжилтийн тохиромжтой хэлбэрийг судалж тохиролцохоор болсон байна.