Л.Жаргал Монгол Улсын гавьяат багш цолоор энгэрээ мялаалаа
ХААИС-ийн Бүртгэл, санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Лхагвын Жаргал Монгол Улсын гавьяат багш цолоор энгэрээ мялаалаа. Сургуулийн удирдлага уламжлал ёсоор хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний хамт өргөн барьж, сайн сайхныг ерөөлөө.
Тэрээр 1965 онд Москвагийн Тимирязевийн ХАА-н Академийг агро-эдийн засагч мэргэжлээр төгссөнөөс хойш 1965-1967 онд Эдийн засгийн дээд сургуульд багш, 1967 оноос ХААИС-д өдгөөг хүртэл тасралтгүй 51 дэх жилдээ багшилж байгаа юм.
Санхүү, эдийн засгийн чиглэлийн боловсролыг олон мянган оюутан, залууст түгээсэн, үлгэр жишээч сурган хүмүүжүүлэгч гэдгийг үе үеийн шавь нарынх нь төлөөлөл энэ үеэр дурсаж байлаа. Оюутнуудын дунд “Жаргалын даваа”-г давна гэдэг хамгийн бэрхшээлтэй асуудал байдаг ч давсан хойноо хаана ч нүүр улайхааргүй ажиллах мэдлэг олгодог багш гэдгийг шавь нар нь ярьж байв.
Шинэхэн гавьяат энэ үеэр хэлэхдээ ”Хүндтэй шагнал авсан нь зөвхөн миний сайных биш, бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүн юм. Тавь шахам жил энэ байгууллагад ажиллалаа. Шавь нарын маань түрүүч 80 насны босго хэдийн алхжээ. Эрдмийн энэ өргөөнөөс тэтгэвэртээ гарах гунигтай ч, сэтгэл хангалуун, амгалан байна. Цаашид санхүүгийн чиглэлээр суралцдаг, үе үеийн оюутнуудын сурах бичиг болсон “Санхүүгийн менежментийн үндэс” номоо шинэчлэн хэвлүүлэхээр ажиллаж байгаа.” гэлээ.