Хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацийн үндэсний чуулган болов

Нийтлэгч : .
Огноо: 2016-03-24 19:26:59

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацийн үндэсний чуулган болов

ХХААЯ-аас санаачлан ХААИС, ШУТИС-тай хамтран “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний чуулганыг /2016.03.23/ Корпорейт зочид буудалд зохион байгуулав.

Чуулганд УИХ-ын БОНХХХАА-н Байнгын хороо, БОНХАЖЯ, Аж үйлдвэрийн яам, Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, Төрийн бус байгууллагууд, Мэргэжлийн холбоод, Мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцлоо. Чуулганд оролцогчид Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар нэгдсэн хуралдаанд оролцон мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв.

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх суурь байх болно. Салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой” гэдгийг онцолсон.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инновацийн төлөв, хандлага” сэдэвт илтгэлдээ “Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эх орны хөрсөнд ургуулсан экологийн цэвэр, газар тариалангийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, мал аж ахуйн үйлдвэрлийн тогтвортой хөгжлийг хангах талаар сүүлийн жилүүдэд онцгой анхаарч тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэсэн хэдий ч  мал аж ахуй, газар тариалан нь үндсэндээ байгаль, дэлхий, уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр бөгөөд тогтвортой хөгжлийн шинжийг олж төлөвшиж чадаагүй, мэдлэг, оюуны шингэц багатай, эрчимжилт сул учраас Улс орны эдийн засагт гүйцэтгэх  үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс ХАА-н салбарын хөгжлийг мэдлэг шингэсэн, тулхтай хөгжилд хөтлөх, өндөр үр ашигтай, бүтээмж ихтэй үйлдвэрлэл болгон хөгжүүлэх инновацийн экосистемыг бүрдүүлэх асуудлыг төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллага, фермерүүд, бодлого, тодорхойлогчдийн өргөн оролцоотой шийдвэрлэх шаардлагатай.

Инновацийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болох оюуны бүтээлийн зуучлал, маркетингийн ажил, үйлчилгээг хөгжүүлэх асуудалд туршлага багатай нь инноваци бодит үр дүнгээ өгч чадахгүй байгаагын нэг гол шалтгаан юм. Иймээс инновацийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтийг бий болгох хэрэглэгчдийг бэлтгэх, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай бий” гэв.

Мөн энэ үеэр хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн инновацийн бүтээлийн үзэсгэлэнд нийт 500-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүллээ.

Чуулганы төгсгөлд бодлого тодорхойлогчид, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчид цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх , сайжруулах зорилго бүхий зөвлөмж гаргалаа.