Газар тариалангийн техник ашиглалтын талаар сургалт болов

Нийтлэгч : .
Огноо: 2016-03-30 13:34:53

Газар тариалангийн техник ашиглалтын талаар сургалт болов

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн мэргэжилтнүүдэд зориулсан орчин үеийн техник, технологийн ашиглалт, хэрэглээний талаарх сургалт, семинар өнөөдөр /2016.03.30/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж байна. Сургалтыг ХААИС-ийн Инженер, технологийн сургууль, “ИНТОСЭ” ХХК, САМПО РОСЕНЛЕВ ХХК хамтран зохион байгуулж буй юм. Сургалтаар ХААИС-ийн ИТС-ийн багш нар “SAMPO ROSENLEW үйлдвэрийн комбайны хийц, ашиглалтын харьцуулсан судалгаа”, 10-аас дээш жил ажиллсан комбайныг цаашид ашиглах боломж”, “Орчин үеийн түлш, тослох материалын хэрэглээ, сонголт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Мөн Финляндын  САМПО РОСЕНЛЕВ ХХК-ийн маркетингийн албаны дарга Михайл Кулик САМПО комбайны онцлог, давуу талыг танилцуулав.Энэ оны байдлаар манай газар тариалангийн үйлдвэрлэлд John Deere, Case NewHolland, Challanger зэрэг дэлхий дамнасан корпорациас гадна ОХУ, Хятад, Финлянд зэрэг орны 10 гаруй үйлдвэрийн 20 орчим төрлийн үр тариа хураах комбайн ашиглагдаж байгаа аж. Тиймээс газар тариалан эрхлэгчид техник сонголтоо зөв хийх нь үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх чухал зүйлийн нэг юм. Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Бямбадорж илтгэлдээ,   “Механикжуулагчдын хомсдол, талбайн ургацын өсөлт, технологийн дэвшилтэй уялдуулан өдрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор СОMIA C6, COMIA C8 зэрэг комбайныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг зөвлөлөө.

Хурлын үеэр “ИНТОСЭ” ХХК, САМПО РОСЕНЛЕВ ХХК, ХААИС-ийн Инженер, технологийн сургуультай гурван талт хамтран ажиллах гэрээ байгууллаа. Газар тариалангийн техник үйлдвэрлэгч Финляндын  САМПО РОСЕНЛЕВ ХХК-ний Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь “ИНТОСЭ” ХХК юм. Тариалан эрхлэгч иргэд, байгууллагууд дээрх компанийн бүтээгдэхүүнийг "ИНТОСЭ" ХХК-аас 20 хувийн урьдчилгаа төлөн 3 жилийн хугацаатай авах боломжтой аж.