"Олон улсын буурцагтны жил"-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-01 08:10:39

"Олон улсын буурцагтны жил"-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68-р чуулганаас хүнсний ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй, хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг буурцагт ургамлын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглээг дэмжихийг уриалан 2016 оныг “Олон улсын буурцагтны жил” болгон зарласан билээ.

Энэхүү “Олон улсын буурцагтны жил”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах Хороог НҮБ-ийн ХХАА-н байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санаачилгаар Монгол Улсын ХХААЯ, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа билээ. “Олон улсын буурцагтны жил”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд зориулсан онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингис  зочид буудалд зохион байгууллаа. Уг арга хэмжээний зохион байгуулагчаар НҮБ-ийн ХХАА-н байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монгол улсын ХХААЯ, ХААИС, ШУТИС, ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн, Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллагууд оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын ХААБ-ын Монгол дахь орлогч суурин төлөөлөгч Кевин Галлагхер нар оролцож, үг хэллээ.
Энэ үеэр “Монгол улсын хувьд буурцагт ургамлын тариалалт, хэрэглээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад төдийлөн их биш байдаг. Тиймээс “Төрөөс хүнс, хөдөө аж талаар баримтлах бодлого” болон “Тариалангийн тухай хууль”-д нэг төрлийн ургамлуудыг дагнан тариалах нь хөрсний үржил шимд сөрөг нөлөөтэй тул буурцагт ургамлыг сэлгээнд тар
иалах, мөн тэдгээр таримлыг малын тэжээлд ашиглах зорилт тавин ажиллаж байгаа. Ингэснээр тухайн газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломж бүрдэхийн зэрэгцээ тариаланчид буурцагт ургамал тарьж хөрснийхөө үржил шимийг сайжруулах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтойг Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд онцолсон юм.

Буурцагт үр тарианы төрөл болох шош, вандуй, эрдэнэшиш, сэвэг зарам (лентил) зэрэг буурцагтнуудыг дэлхийн олон оронд эрт дээр үеэс эхлэн тариалж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх замаар ургамлын гаралтай уураг, аминхүчлийн хэрэгцээгээ хангасаар ирсэн түүхтэй. Харин царгас, хүцэнгэ гэх мэт буурцагт үр тариан төрлүүд нь мал амьтанд сайн чанартай, уурагт тэжээл болдог учир тэжээлийн зориулалтаар хэрэглэгддэг. Эдгээрээс гадна буурцагтан нь агаар дахь азотыг хөрсөнд хуримтлуулах онцгой чанартай учир хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.
Шош, сэвэг зарам зэрэг нь уургаар баялаг учир махыг орлуулан хэрэглэх боломжтой ба өөх тос багатай, ханасан болон транс тос, холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр болдог. Тиймээс хорт хавдар, чихрийн шижин өвчин үүсэхээс сэргийлэх, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжих зэрэг эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.

Түүнчлэн буурцагт ургамал нь усалгаа бага шаарддаг. Тухайлбал, тагтаан вандуй, баамбарын газрын шош зэрэг нь цөлийн үржил шим муу хөрсөнд ч ургах чадвартай. Буурцагт ургамлын генетикийн төрөл зүйлийн хувьд маш баялаг учир тэдгээрийн дундаас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сортуудыг нь сонгон тариалах боломжтой.
Буурцагт үр тариаг хүнсэнд хэрэглэх, зах зээлд борлуулахаас гадна ургацын үлдэгдэл, хаягдлыг малын тэжээлд ашиглах боломжтой. Түүнчлэн гахай, тахиа шувуу болон эрчимжсэн мал аж ахуйн тэжээллийн үндсэн орц болдог.
Уг арга хэмжээний үеэр Буурцагт ургамлын хэрэглээ ба тариалалтын өнөөгийн байдал цаашдын зорилт,Буурцагт ургамлын хүнс, хоол тэжээлийн өнөөгийн байдал,  “Буурцагт ургамлын сорт, үр үржүүлэг,  “Гахай, шувууны тэжэээллэг ба буурцагтан,  “Улаан буудай болон төмсний тариалангийн сэлгээнд буурцагт ургамал ашигласан үр дүн зэрэг сонирхолтой илтгэл тавигдлаа. Уг арга хэмжээний үеэр олон хүмүүс буурцагт ургамлын эрүүл хүнс, хөрсний үржил шим сайжруулагч, малын тэжээлийн үнэт эх үүсвэр болох талаас нь ач холбогдол өгч буурцагт ургамлын тариаланг нэмэгдүүлэх, тариалангийн сэлгээнд оруулах, хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, малын тэжээлд өргөн ашиглах талаар санал бодлоо илэрхийлж байлаа. Уг онол-үйлдвэрлэлийн бага хурлаас зөвлөмж боловсруулж, бодлого тодорхойлогчид, хэрэгжүүлэгчид, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлд хүргэж ажиллахаар боллоо.

Олон Улсын Буурцагтны жилийн арга хэмжээний хүрээнд буурцагт ургамлын тариалалт, үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр хээрийн туршилт, судалгаа, талбайн өдөрлөг гүйцэтгэхийн зэрэгцээ, ургамал хамгааллын цогц аргад түшиглэн тариалалт хийх сургалт, өдөрлөг, буурцагт ургамлын хүнс, хоол тэжээлийн хэрэглээ зэрэг чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад Монгол улс дахь Канадын ЭСЯ, тус улсын Саскечваны Их сургууль, Монгол улсын ХААИС, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, ШУТИС, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Элит үр” ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.