МАЛ ЭМНЭЛЭГ БОЛОН БИОТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА
ЯВУУЛДАГ ДОКТОРАНТ, ДОКТОРУУДЫН АНХААРАЛД
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтанд
материал ирүүлэх тухай
Хөдөө аж ахуйн Их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар Академийн дэргэдэх "Нармандах" сангаас санаачилан Мал эмнэлэг болон биотехнологийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж буй докторант, докторын ( Ph.D) зэрэгтэй залуу судлаачдыг дэмжих , тэдэнд урам өгөх, олон нийтэд бүтээлийг нь сурталчилах зорилгоор тэдгээрийн туурвисан шилдэг бүтээл- өгүүлэлийг 2 жил тутамд шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай. Дээрх санаачилгыг Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас дэмжиж зохих шийдвэр гаргасан билээ. Эрдэм шинжилгээний бүтээл-өгүүлэл шалгаруулахтай холбогдуулан гаргасан шинэчилсэн журмыг БСШУЯ болон ХААИС -ийн веб хуудсанд байршуулсан болно.
Энэхүү журамд нийцүүлэн залуу докторант болон докторын зэрэгтэй судлаачид ТА БҮХНЭЭС судлан шинжилж, хийж бүтээсэн судалгааны ажлынхаа үр дүнг, эрдмийн бүтээл-өгүүлэл хэлбэрээр бэлтгэж, байгууллага дээрээ хэлэлцүүлэн холбогдох материалын хамт 2016 оны 1-р сарын 25-ны дотор манайд электрон /sh.demberel@gmail.com/ шуудангаар ирүүлэхийн зэрэгцээ тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Та бүхэнд амжилт хүсье.
САНГИЙН ТЭРГҮҮН, АКАДЕМИЧ Ш.ДЭМБЭРЭЛ
2015.12.16
Боловсрол,Соёл,Шинжлэх ухааны Сайдын
2009оны 03 сарын 13 өдрийн 84 тоот тушаалаар дэмжив.
“Д.Нармандахсан”- гийн Удирдах Зөвлөлийн
2008 оны 12 –р сарын 25-ны өдрийн хурлаар батлав.
(Засвар оруулж, шинэчилсэн 2015.12. 14)
Мал эмнэлэг, Биотехнологийн чиглэлийн докторант болон докторын (Ph. D) эрдэм
шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах журам.
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү шилдэг бүтээл шалгаруулах журмын мөн чанар нь ХААИС –ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн багш, Мал эмнэлгийн шинжлэх ухааны (Sc.D) доктор, сурган хүмүүжүүлэгч агсан Дэмбэрэлийн Нармандахын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, түүний богинохон бөгөөд бүтээлч амьдралын зорилго болон хэвшсэн шинжлэх ухаанд суралцах, бүтээн туурвих, залуу үеийг сурган хүмүүжүүлэх чин хүсэл, эрмэлзлэлийг нь шилдэг судлаач залуучуудаар дамжуулан гүйцэлдүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлж, урам өгөх замаар мал эмнэлэг, биотехнологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн үйл явцад хувь нэмэр оруулахад оршино.
Шалгаруулалтанд зориулж Мал эмнэлэг болон биотехнологийн чиглэлээр онол практикийн өндөр ач холбогдол бүхий эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, тодорхой үр дүнд хүрсэн докторантын буюу доктор хамгаалсны дараа үргэлжилж, үйлдвэрлэл, бизнест үр дүнгээ өгсөн эрдмийн бүтээлийг хүлээн авна.
Хоёр.Бүтээлд тавих шаардлага.
2.1.Эрдэм шинжилгээний бүтээлийг энэхүү журмын хавсралтанд дурьдсан шаардлагын (хавсралт1) дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрт оруулсан 6 хүртэл хуудас байна ( Өгүүлэл бичих зааврыг чанд баримтлах).
2.2. Бүтээлд уг ажлыг гүйцэтгэсэн манай улсын Мал эмнэлгийн болон Биотехнологийн чиглэлийн эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн байгууллагаас тодорхойлолт гаргах бөгөөд үндсэн зохиогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргаж, тэгш тоотой жил бүрийн 1-р сарын сүүлийн 7 хоногийн баасан гаригийн 18.00 цагаас өмнө Сангийн удирдах зөвлөлд цахим болон хэвлэсэн хэлбэрээр ирүүлсэн байна.
2.3. Тодорхойлолтонд уг ажлын шинжлэх ухаан, практикийн ач холбогдол, шинэлэг, дэвшилттэй тал, судалгаа-туршилтын тоон үзүүлэлтүүд бодитой эсэх, үйлдвэрлэл, инновацид оруулж буй хувь нэмрийн талаар тусган оруулсан байна.
2.4. Шалгаруулалтанд докторантын ажлаас гадна, доктор (Ph.D) хамгаалснаас хойш үргэлжлүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдмийн бүтээл байж болно.
2.5. Шалгаруулалтанд ирүүлэх бүтээл ньтуршилт сорилтоор баталгаажсан байна.
2.6. Гурав хүртэл зохиогчтой эрдэм шинжилгээний бүтээл-өгүүлэл ирүүлэх боломжтой бөгөөд тэдгээрээс зөвхөн шаардлагад нийцсэн нэг зохиогч нь шалгарах боломжтой. Судалгааны объект нь дотоодын эх материал байх бөгөөд аль болох дотоодын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн чадвахийг ашиглаж үр дүнд хүрсэн байвал зохино.
2.7. Бүтээл-өгүүллийн гарчгийн баруун дээд өнцөгт Д.Нармандах сангийн эрдмийн бүтээлийн шалгаруулалтанд зориулав гэж бичнэ.
2.8. Шалгаруулалтанд ирүүлсэн бүтээл(өгүүлэл)- ийг зохиогчдод эргүүлж олгохгүй.
2.9. Бүтээлийн үндсэн зохиогч буюу шалгаруулалтанд нэр дэвшигч нь тухайн (шалгаруулах жилийн) жилийн 1 дүгээр сарын 01 гэхэд 46 нас хүрээгүй байвал зохино.
Гурав.Шалгаруулалт
3.1. Тэгш тоотой жил бүрийн 2-р сарын сүүлийн хагаст багтаан зохион байгуулах сангийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлаар тэргүүлэх ач холбогдол бүхий болзол хангасан эхний 10 хүртэл өгүүлэлийн зохиогчдоор илтгэл тавиулж, тэдгээрийн дотроос нарийн мэргэжлийн нэр хүндтэй эрдэмтэд оролцсон комиссын гишүүдийн нууц санал хураалтаар байр эзлүүлэн шалгаруулна. Гадаад, дотоодын бусад газруудаас шагнал, урамшуулал авсан бүтээлд (энэ тухай байгууллагын тодорхойлолтод дурьдсан байвал зохино ) давхардуулж шагнал олгохгүй
Дөрөв.Шагнал
4.1.Шалгарсан бүтээлд дор дурьдсан шагнал олгоно.Үүнд:
Тэргүүн байр нэг- Сангийн нэрэмжит өргөмжлөл, 1.0 саятөгрөг
Дэд байр нэг- Сангийн нэрэмжит өргөмжлөл, 700.0 мян. төгрөг
Гутгаар байр нэг- Сангийн нэрэмжит өргөмжлөл, 500.0 мян. төгрөг
4.2.Шалгаруулалтанд ирүүлсэн эрдмийн бүтээл-өгүүлэлийг эмхэтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.
“Д.Нармандахсан”- гийн удирдах зөвлөл
Бүтээл хүлээн авах хаяг:
ХААИС , Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи ( Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөл)
Захиргааны байр
Зайсан 17024. Улаанбаатар хот
Утас: 99024898 ,341730
Хавсралт 1
“Д.НАРМАНДАХ САН” –ГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗОРИУЛЖ ИРҮҮЛЭХ
ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
1.Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой байх бөгөөд гарчгийн зүүн дээд талд Д.Нармандах сангийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтанд зориулав гэж бичнэ.
2.Өгүүлэлийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Arial font-оор үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 6 нүүрээс илүүгүй байна.
- Үндсэн текстийг 2 баганд бичих ба өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг баганд мөр голлуулж байрлуулна.
- Хүснэгтэд дугаар өгч (хүснэгт 1..,) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12 pt зай үлдээнэ.
- Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (1-р зураг..,) байрлуулж, нэр өгч бичсэн байна. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.
- Математик бичлэгүүдийг equition программаар бичнэ.Томьёотой тохиолдолд дээр, доороо тус тус 12 pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
- Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ.
2.1.Өгүүлэл дараах бүтэцтэй байна
Хуудасны дээр12 pt хэмжээтэй 10 хоосон мөр үлдээх
2.1.1.Өгүүллийн нэр /12 хэмжээтэй, том үсгээр, Bold ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно/,
14 pt хэмжээтэй хоосон мөр үлдээх
2.1.2.Зохиогчийн нэр, хаяг, /1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, шуудангийн хаяг, 1-р зохиогчийн утас,факсны дугаар, цахим хаяг бичсэн байна, мөр голлон байрлана./ зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 14pt хэмжээтэй хоосон мөр үлдэнэ
12pt өндөртэй 3 хоосон мөр үлдээнэ
2.1.3.Хураангуй /зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж Italic хэлбэрээр бичнэ, зүүн талд зэрэгцэж байрлана./
12pt өндөртэй 2 хоосон мөр авна.
2.1.4.Түлхүүр үг /Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл нэр үг байна. Өгүүллийн нэрэнд орсон үг байж болохгүй, / зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй 2 хоосон мөр авна
2.1.5.Оршил /судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго, / зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.6.Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй /Сонгосон судалгааны объект, хэрэглэгдэхүүн, ажлын хэмжээ, хэрэглэсэн арга зүйн нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийсэн, туршилт судалгааг явуулсан байгууллага, газрын нэр зэрэг мэдээлэл г.м / зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.7.Судалгааны үр дүн /Судалгаанаас гарсан буюу хүлээн авсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй. Судалгааны үр дүн, тоон үзүүлэлтүүд зураг, хүснэгт фото зурагаар баримтжуулсан байх / зүүн талд зэрэгцэж байрлана. /
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.8.Шүүн хэлэлцэхүй /Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулан үнэлж дүгнэх замаар дэвшүүлж буй санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр тодорхойлон гаргахын хамт үр дүнг цаашид ашиглаж болох чиглэлүүдийн талаар санал болгосон байх./ зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.9 Дүгнэлт /Үр дүнд турлгуурласан товч тодорхой байх/ зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.10.Талархал /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүст/ зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр авна
2.1.11.Ашигласан хэвлэл /Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ/ зүүн талд зэрэгцэж байрлана
12pt өндөртэй хоосон мөр
2.1.12.Англи товчлол /Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/
3. Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан ном, зохиолыг иш татсан дарааллаар нь дугаарлаж, тодорхой бичнэ.
4. Өгүүлэлд нэр томьёог товчилж бичихгүй. Харин амьтан, шимэгчид, нянгийн төрөл зүйлийг бичихдээ налуу Italic хэлбэрээр эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Жишээ нь Oropsylla silantiewi гээд цаашид энэ нэр дахин давтагдах тохиолдолд О. silantiewi гэж бичнэ. Латин нэрийг налуу /italic/үсгээр бичнэ.
5. Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ.
6. Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан болон өнгөтөөр тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй File-аар хүлээн авна. Зургийг Text box-оор засварлахыг хориглоно.
Анхааралд ! Өгүүлэл бичих зааврыг чанд баримтлах