Хос хөтөлбөрөөр 40 оюутан төгслөө
ХААИС-ийн Хос зэрэг олгох хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургууль, Новосибирскийн Хөдөө аж ахуйн их сургууль, Буриадын Хөдөө аж ахуйн академи, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг тус тусын сонгосон мэргэжлээрээ амжилттай дүүргэсэн нийт 40 оюутны төлөөлөлд /2015.12.17/ дипломыг нь гардуулан өглөө.
ОХУ-ын дээрх 3 их сургуулийг 38, БНСУ-ын Чонбукын үндэсний их сургуулийг 2 оюутан тус тус хос зэрэг хөтөлбөрөөр төгслөө. Төгсөгчдөд Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга дипломыг нь гардуулан өгч мэргэжлээрээ амжилттай ажиллахыг ерөөсөн юм. ХААИС 2006 оноос хос хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 88 оюутан хоёр их сургуулийн дипломтой төгсөөд байна.
Энэ үеэр зарим төгсөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
-Ш.Батжаргал: Хос хөтөлбөрийн үр шимийг олон оюутан хүртэж байна
-ХААИС-ийн Газар зохион байгуулалтийн ангид 2010 онд элсэж, 2012 онд Эрхүүгийн ХААИС-д хос хөтөлбөрийн дагуу суралцсан. ХААИС хос хөтөлбөр хэрэгжүүлсэнээр олон оюутан их зүйлийг сурч, үр шимийг нь хүртэж байна. Зөвхөн суралцахаас гадна гэрээсээ хол, бие дааж үзээгүй хотын хүүхдүүд амьдрах чадварт суралцдаг. Мөн мэргэжилтэн гэсэн хос дипломтой төгсөж, хэл сурсан гэх мэт давуу талтай. Хос хөтөлбөр сонгон суралцахаар зорьж байгаа дүү нартаа хэлэхэд, хэлний бэлтгэлдээ сайн суралцаж, зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилго байхад юуг ч даван туулж, түүндээ хүрч чадна.
Г.Баянмөнх: Буриадын ХАА-н Академийн анхны хос “морьтон”
-ХААИС-д 2011 онд элсэн, хэлний бэлтгэлээ амжилттай дүүргээд Буриадын ХАА-н Академийг сонгон суралцсан. Өөр сургуулийг сонгох боломж байсан ч дээрх сургуульд элссэн. Учир нь давхар мэргэжлээр сурч болохын зэрэгцээ дадлагаа Швед, Казакстан зэрэг өөр улсад хийх боломжтой. Гадаад харилцаа нь сайн хөгжсөн.
Мөн би Буриадын ХАА-н Академийг хос хөтөлбөрөөр төгссөн анхны төгсөгч болсондоо баяртай байна. Анх гурвуулаа очиж байсан бол өдгөө 80 гаруй оюутантай болсон. Анх очсон, туршлагтай гэдэг утгаараа дүү нартаа зааж, зөвлөх ажил их байсан. Дүү нартаа хэлэхэд хаана, ямар ч сургуульд очсон сурья гэсэн чин хүсэл эрмэлзлэл л хамгийн чухал. Хүн өөрөө хичээвэл юунд ч хүрч болно. Уйлаад буцах бодол төрөх үе ч зөндөө. Гэхдээ хичээвэл юунд ч хүрнэ.
Б.Ундармаа: “Говь” ХХК-ийн мэргэжилтэн болсон
ХААИС-д 2010 онд элсээд, 2012 онд Новосибирскийн ХААИС-д суралцан төгслөө. Одоо “Говь” ХХК-ийн мэргэжилтэн болсон. Хос хөтөлбөрөөр суралцсанаар олон давуу талтай. Орос хэлтэй болсон. Тухайн орны соёлтой танилцан, олон орны оюутнуудтай нөхөрлөж, ихийг сурч мэдсэн. Амьдрах ухаанд суралцдаг. Таваар судлалын мэргэжил хөрвөх чадвар сайтай. ХАА-н хорио цээр, мэргэжлийн хяналт, гааль гэх мэт ажлын байранд ажиллах боломжтой байдаг.
Э.Түмэнбаяр: Хямд зардлаар хоёр их сургуульд суралцах нь ховор боломж
- ХААИС-ийн цахилгаан хангамжийн ангид 2010 онд элсэн, 2-р ангиасаа хэлний бэлтгэлд явж эхэлсэн. Гурван сарын хугацаатай хэлний бэлтгэл хэдий богино ч бид хичээсэн. Эрхүүгийн ХААИС-д элсэн 5 жил суралцан төгслөө. Хүний нутагт суралцах тийм амар биш. Гэхдээ зорилготой байж, хичээвэл амжилт ойрхон байдаг. Хос хөтөлбөрөөр суралцахын давуу тал маш их. Хэл сурна, амьдрах ухаанд суралцана. Дээр нь мэргэжилтэн гэсэн хос дипломтой төгсөж байна. Би Монголын оюутны холбооны даргыг 4 жил хийсэн. Энэ утгаараа шинээр ирсэн оюутнуудад тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх, туслах гээд ажил ихтэй. Нэг талаар хүний төлөө явж байгаа ч гэсэн өөрөө бас давхар суралцаж, олон талын мэдлэг, мэдээллийг олж авдаг. Монголд суралцахаас ч хямд зардлаар хоёр их сургуулийн дипломтой төгсөнө гэдэг ховор боломж юм. Төгсөөд 3-р цахилгаан станцад ажилд орсон. Баяртай байгаа.