Мал аж ахуй биотехнологийн сургууль шилдэг оюутнуудаа тодруулав
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль 2014-2015 оны хичээлийн жилийн шилдэг оюутнуудаа тодрууллаа. Тус сургуулийн захирал О.Баатарцогт шилдэг оюутан шалгаруулах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Бид жил бүр МААБС-ийн 4 тэнхимийн харьяа 11 мэргэжлээр суралцаж байгаа нийт оюутан залуусаас сурлага, хөдөлмөр, урлаг, спортоор сургуульдаа манлайлсан шилдэг оюутан, анги хамт олныг шалгаруулдаг сайхан уламжлалтай.
2014-2015 онд манай оюутнууд сурлага хөдөлмөрийн өндөр амжилттай он жил болж өнгөрлөө. Энэ хичээлийн жилд манай сургууль үр дүнгийн гэрээний биелэлтээр “А” үнэлгээг авсан нь та бүхний сурлагадаа шамдсан, багш боловсон хүчний хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэж харж байна.
Өөрсдийн эрдэм мэдлэгийг өсгөн дэвжүүлж, улс эх орныхоо болоод сургуулийнхаа нэр хүндийг Монголдоо төдийгүй олон улсад гаргах чин зорилго МААБС-ийн нийт оюутнуудын зүрхэнд цохилж явдаг гэж ойлгодог. Мөн манай эрдэмтэн багш нар сурсан мэдсэнээ оюутнууддаа өвлүүлж, ирээдүйн боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж явдагт сургуулийн удирдлагын зүгээс талархал илэрхийлье” гэлээ.
МААБС шилдэгүүдээ нийт 6 номинациар тодруулж, нийт оюутан багш нарынхаа өмнө сурлага хөдөлмөрийнх нь амжилтыг дурдан шагнаж урамжуулсан юм.
Оны шилдэг сурлагатан оюутан:
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хими технологийн IV ангийн оюутан С.Отгонхишиг
- ХААИС-ийн Ректорын нэрэмжит батламж 5 удаа, “Шилдэг оюутан” өргөмжлөл 2 удаа авч, голч дүн 3,91
Оны шилдэг судлаач оюутан:
Загас үржүүлэг технологийн IV ангийн оюутан Т.Энхзаяа
- НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд 1-р байр, Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулсан “Симпозиум-2015”-д оролцон тусгай байр эзэлсэн. Эг- Сэлэнгийн усан цахилгаан станцын загасны суурь судалгаанд туслах судлаачаар ажиллаж байна.
Оны шилдэг авьяаслаг оюутан:
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежментийн III ангийн оюутан О.Адьяадолгор
- ХААИС-ийн 2014, 2015 оны урлаг, спортын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай.
Оны шилдэг тамирчин оюутан:
Биотехнологийн III ангийн оюутан Э.Баттогтох
- Боксын спортын I зэрэгтэй, кикбоксын спортын мастер
Оны шилдэг хөдөлмөрч оюутан:
Бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээний III ангийн оюутан Ч.Энхмөнх
- “Цэцэн ухааны хүч” сангийн үндсэн сайн дурын ажилтан, Тайландын “Даммакаяа” сангийн тэтгэлгээр зохион байгуулсан “Mongolian Virtuous Leadership-1” хөтөлбөрт хамрагдаж шилдэг суралцагчаар шалгарсан. Мөн “Манай гэр” асрамжийн газар болон тусгай 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зэрэг сайн дурын олон арга хэмжээнд оролцдог тэргүүний оюутан юм.
Оны шилдэг анги хамт олон:
Бүтээгдэхүүний чанар ариун цэврийн үнэлгээний III анги.
Зөвлөх багш доктор Б.Энхжаргал