Гавьяат цол хүртсэн Ч.Содномцэрэн, А.Бакей нарт хүндэтгэл үзүүлэв
Академич, ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн Боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, шинэ оны өмнө Монгол улсын гавьяат багш цол хүртээсэн юм. Тэрээр ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан /1976-1985/, ХААИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, декан /1985-1995/, ОХУ-ын Тимирязевийн нэрэмжит ХАА-н Академид эрдэм шинжилгээний ажилтан /1989-1991/, ХААИС-ийн захирал /1995-1999/, ХХАА-н сайд/1999-2000/-аар ажиллаж байсан билээ. Мөн одоо ч ХААИС-ийн профессорын багтай хамтран төсөл, хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байна. Төрийн дээд шагнал хүртсэн МУ-ын гавьяат багш Ч.Содномцэрэн, гавьяат эдийн засагч А.Бакей нарыг ХААИС-ийн удирдлага хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн юм.
Академич, ХАА-н шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын гавьяат багш Ч.Содномцэрэн нь өнгөрсөн хугацаанд Монгол орны нөхцөлд сайн чанарын өвс, өвсний гурил бэлтгэх технологи, чанарыг дээшлүүлэх онол, практикийн асуудлыг 1976 оноос эхлэн 30 гаруй жил судалсан байна. Судалгааны үр дүнд технологийн дамжлага тус бүрийн чийг, хугацааны тохиромжтой параметр, шимт бодис, шингэц, шимт чанарын үндсэн үзүүлэлт, тэжээл бэлтгэх явцад гарах биологийн болон механик хорогдлын түвшинг тогтоож, технологийн заавар, техникийн нөхцөл, стандартыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тэрээр “БНМАУ-ын ойт хээрийн бүсийн нөхцөлд сайн чанарын өвс, өвсний гурил бэлтгэх технологи” сэдэвт бүтээлээрээ 1985 онд ХАА-н ухааны доктор, “Монгол орны нөхцөлд өвс, өвсний гурилын чанарыг дээшлүүлэх онол практикийн асуудал” сэдвээр 1994 онд ОХУ-ын Санкт Петрбургийн ХААИС-д Шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан юм.
Харин А.Бакей нь 1984 онд ХААИС-ийг ХАА-н Эдийн засагч мэргэжлээр төгссөж, сургуульдаа багшилж эхэлсэнээс хойш багш, тэнхимийн эрхлэгч, факультетийн декан, сургалт эрхэлсэн дэд захирал, нийгэм, эдийн засаг эрхэлсэн дэд захирал, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ХАА-н Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг алба хашиж ирсэн билээ. Энэ хугацаандаа 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол 2012 онд дахин нэр дэвшиж сонгогдсон юм.