ХБНГУ-д суралцах оюутнуудыг хүлээн авч уулзав
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХААИС, ХБНГУ-ын Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 онд байгуулсан билээ.
Энэхүү санамж бичигт ХААИС-ийн оюутан залуусыг ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах асуудлыг тусгасан бөгөөд эхний долоон оюутан энэ сарын 15-нд ХБНГУ-ыг зорино. Оюутнууд ХААИС-д Герман хэлний бэлтгэлд хамрагдан, тодорхой шалгууруудыг хангасны эцэст хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбар өндөр хөгжсөн тус улсын орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллаж, суралцахаар болов.
Шалгарсан оюутнуудыг ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц. Болорчулуун, ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Биндэръяа, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г. Гантулга нар хүлээн авч уулзлаа. Ц. Болорчулуун дарга оюутнуудад хандан “Монгол-Германы ХАА-н салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ “Гүүр” болж байна. Та бүхэн энэ хугацаанд их зүйл сураарай. Цаашлаад Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан сайн мэргэжилтнүүд болно гэдэгт итгэж байна” гэв.