ХХАА-н Сайд Р.Бурмаа шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Нийтлэгч : .
Огноо: 2016-05-04 18:13:00

ХХАА-н Сайд Р.Бурмаа шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Р.Бурмаа, ХХААЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Анунаран, МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл болон бусад төлөөлөгчдийн хамт Биокомбинат ТӨҮГ, ХААИС, ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, ХААИС-ийн Агропаркын үйл ажиллагаатай танилцан, ХАА-н шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлаар эрдэмтэн, судлаачидтай санал солилцов. Мөн хамтын ажиллагааг сайжруулах,  шийдвэрлэх шаардлагатай асуудлаар олон талын оролцоог хангасан уулзалтыг зохион байгуулахаар боллоо.ХААИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд туршилт, судалгааны орчныг бэхжүүлэхэд анхааран ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд БСШУЯ, Япон болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны JICA, KOICA, Олон улсын цөмийн энергийн агентлаг IAEA, ХБНГУ-ын "Хеос энерги" ХХК зэрэг дотоод, гадаадын байгууллага мөн сургуулийнхаа өөрийн санхүүжилтээр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 гаруй судалгааны лабораторийг шинээр байгуулжээ.

 

Эдгээр лабораториуд нь Монгол орны дахин давтагдашгүй ургамал болон амьтны нөөц, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн биохими, хими биологийн онцлог шинж, тэдгээрийн чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг судлан тогтоох чадамжтай юм байна. Түүнчлэн амьд бие организмийг молекулын төвшинд нарийвчлан судлах, шилмэл генитэй ургамал, амьтан гарган авах улмаар өндөр ашиг шимтэй малын хөврөл үржүүлэн суулгах эс, эдийн өсгөвөр хийх, гүн хөлдөөсөн үрийн сан бүрдүүлэх зэрэг судалгаа, хөгжлийн ажлыг Олон улсын төвшинд гүйцэтгэх боломж бүрдсэн байна.