Канад улсад хэрэгжиж буй ХАА-н зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний загварыг ХААИС-д нэвтрүүлэх боломжтой гэв
“Канад улсын дэлхийн их сургуулийн үйлчилгээ” ТББ-ын “Юнитерра” хөтөлбөрийн Монгол дахь хамтын ажиллагаа, түншлэлийн мэргэжилтэн Сузан Браун ХААИС-д зочилж, “Инноваци, бизнес хөгжлийн төв”-ийн захирал Б.Мөнхбат болон гарааны компанийн үйл ажиллагаа эхлүүлэхээр зорьж буй зарим багш, судлаачидтай уулзлаа. Тус ТББ нь олон улсын тогтвортой хөгжлийн төслүүдийг боловсруулж, удирдах, сайн дурын ажилтан, мэргэжилтэн, оюутан илгээх, их дээд сургуультай хамтран олон улсын харилцааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Монголын их дээд, сургуулиудын боловсон хүчнийг дэмжих, сайжруулах зорилготой “Юнитерра” хөтөлбөрийг өнгөрсөн 9-р сараас эхлүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Сузан Брауны хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд Монголд ирсэн зорилгоо тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчныг бүрдүүлэх, Монгол улсад ирэх сайн дурын ажилчдыг тодорхойлох хэмээн тайлбарлав. Мөн хуульч хүний хувьд start-up буюу гарааны компаниудыг байгуулах асуудлыг хууль эрхзүйн талаас нь судалж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт гарааны компаниудыг хэрхэн бий болгож, төлөвшүүлж байгаа, хууль эрхзүйн хүрээнд дутагдаж буй асуудлыг судлахаар ХААИС-ийг зорьж, “Инноваци бизнес хөгжлийн төв”-өөр дамжуулан харилцан туршлага судлах, дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж буй гэдгээ онцлов.
“Инноваци бизнес хөгжлийн төв”-ийн захирал Б.Мөнхбат түүнд тус төвийнхөө үйл ажиллагааны чиглэлийг товчхон танилцуулж, гарааны компани байгуулах, зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээ явуулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд манай нөхцөлд бүх юм шинэ, хууль эрхзүйн орчин нь ч шинэ, тухайн орчинд тааруулах нэмэлт журмууд батлагдаж гүйцээгүй гэх мэт тулгамдсан асуудлууд их байгааг хэлэв. “Хөдөө аж ахуйн экстейншин буюу зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний салбарт л гэхэд хуулийн орчин нь одоогоор бүрдээгүй байна. ХХААЯ, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, “Инноваци бизнес хөгжлийн төв” хамтран “Хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний тухай” хуулийг санаачлаад байгаа. Өнөөдөр экстейншин, инновацийн чиглэлээр тухайн мэргэжлийн хүмүүс нь ажиллах ёстой. Тэгж байж хөдөө аж ахуй амжилтай хөгжих ёстой” гэдгийг Б.Мөнхбат захирал онцлон дурдсан.
Монгол Улс “Хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний тухай” хуультай болсноор тулгамдаж буй асуудлууд хуулийн хүрээнд шийдэгдэх ба цаашид “Юнитерра” хөтөлбөрийн хүрээнд Канад улсын их дээд сургуулиуд болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний загварыг ХААИС, “Инноваци, бизнес хөгжлийн төв”-д нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.