Кога Иссей: ХАА-н салбарын хөгжил, хэдий хэмжээний их газар, мундаг техниктэй байхаас хамаарахгүй
Япон-Монголын Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Байгууллагын дарга Кога Иссейтэй хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааны талаар товч ярилцлаа.
-Хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго, чиглэлийн талаар яриагаа эхлэе?
-Миний бие Монгол, Японы Найрамдлын бүлгийн даргаар 2000 оноос ажилласан. Энэ ажлынхаа хүрээнд Монгол улсад айлчлах олон боломж тохиож байлаа. Ирэх бүртээ ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог байсан. Сүүлийн жилүүдэд МУ-ын Засгийн газар ч ХАА-н салбарынхаа хөгжилд онцгой анхаарч, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж буйд талархаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай хоёр орны харилцаа, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдлээ. Тиймээс ХАА-н салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Үүнийг тодорхой ажил болгохоор Монголын талд Монгол, Японы ХАА-н хамтын ажиллагааны нийгэмлэг, манайд Япон, Монголын ХАА-н хамтын ажиллагааны нийгэмлэг гэсэн хоёр төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Дээрх байгууллагыг хоёр орны ХАА-н хөгжлийн хос багана гэж үзэж болно. Хос баганаа түшиглээд ямар уран барилга сүндэрлүүлэх вэ гэдгийг бид ярилцаж байна. Мэдээж, барилгын нэг бүрэлдэхүүн хэсэг нь ХААИС байх юм. Монголын ХАА-н хөгжилд Японы техник, технологийг нэвтрүүлэх нь чухал гэсэн бодолтой явдаг.
-Гурван талт гэрээ үзэглэлээ. Ямар, ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэшиш, олон төрлийн буурцагт ургамал, цагаан лууван, гурвалжин будаа, вандуй зэрэг ургамал тариалж, туршиж үзсэн. Эдгээрээс эрдэнэшишийн ургац, болц маш сайн байсан. Монголын газар тариалангийн мэргэжилтнүүд үзээд нэлээд гайхсан. Манайд болцын тал дээр удаашралтай байдаг. Гэтэл танай үр сайн байна гэсэн. Энэ жилийг НҮБ-ийн ХХААБ-аас Буурцагт ургамлын жил болгон зарласан. Тиймээс буурцагт ургамлыг дахин тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн эрдэнэшиш, хар сарнай, наранцэцэг, сармис, гурвалжин будаа тариална. Сая дурдсан ургамлуудыг тариалж, боловсруулах шатанд үйлдвэрлээд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос руу экспортлох боломж бий. Нөгөө талаар наранцэцэг, хар сарнайг тариалснаар төрөлжсөн зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Нэг ургамлаас сайн чанарын бал гарган авах туршилт хийхээр төлөвлөж байна. Энэ мэт ХАА-н салбарын эдийн засгийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх талаар судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлж, бодит үр дүн гаргахад ойрхон гэж бодож байна.
-Хоёр орны ХАА-н салбарын хамтын ажиллагааны зангилаа цэг нь дээрх хоёр байгууллага гэж ойлгож байна. Чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар ч анхаарах байх...?
-Өнгөрсөн жил Монгол, Японы ХАА-н хүрээлэн байгуулагдсан. Энэ хүрээлэнг түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх юм. Хүрээлэнгийн судалгааны ажлыг ХААИС-д түшиглэн явуулна. Туршилт, судалгааны олон ажил хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Монголын талаас ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, Японы талаас Токиогийн ХААИС-ийн судлаачид оролцоно. Хамтарсан судалгааны үндсэн дээр эдийн засгийн үр ашиг арвинтай, ХАА-н салбарыг хөгжүүлэх боломжийг бий болгох зорилготой. Өнөөдрийн гэрээний агуулга ч үүнд чиглэгдэж байгаа. ХАА-н салбарын хөгжил, хэдий хэмжээний их газар, мундаг техниктэй байхаас хамаарахгүй. Чадварлаг хүний нөөц маш чухал. Тиймээс ХАА-н салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд манай нийгэмлэгийн нэг зорилго чиглэгдэнэ. Судалгааны ажил чухал гэдэг нь ч үүнтэй холбоотой. Нөгөө талаар мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсэнээр байгаа газар болон техникээ эдийн засгийн хувьд үр бүтээлтэй ашиглах боломж нэмэгддэг. Тиймээс хоёр байгуулагийн бий болгосон суурин дээр МУ-ын ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид хамтын ажиллагааны гол тулгуур болж ажиллана гэдэгт найдаж байна.
-Монголын ХАА-н салбарын хөгжлийн ирээдүйг Та хэрхэн харж байна вэ?
-Японы Хоккайдо мужийн Обихирод энэ оны 7-р сарын 25-нд “Япон, Монголын ХАА-н салбарын II форум” болно. Тус хуралд ХААИС-ийн эрдэмтдийн төлөөллийг урьж, илтгэл хэлэлцүүлэх талаар ХААИС-ийн удирдлагатай сая ярилцлаа. Тус илтгэл Монгол орны ХАА-н салбарын талаарх ойлголтыг манай орныхонд өгнө гэдэгт итгэж байна.
Монголчууд олон мянган жил нүүдлийн МАА эрхэлж, газар дэлхийгээ хайрлаж, унаган төрхөөр нь авч үлдсэн ард түмэн. Байгалийн баялагаа зөв ашиглан, ХАА-н салбараа хөгжүүлэх боломж бий. Тухайлбал, хөрсний чанар сайн тул чанартай газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үүний зэрэгцээ газар тарилангийн үйлдвэрлэл эрхлэхэд цаг ууртай холбоотой онцлог бий. Энэ онцлогтоо тохируулан нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх замаар, ашиг орлого арвинтай ХАА-н салбарыг хөгжүүлэх нь чухал юм. Үүний тулд Япончуудын газар тариалан эрхэлж ирсэн олон зуун жилийн туршлагыг, орчин үеийн технологитой хослуулвал үр дүнд хүрнэ гэж боддог. Ийм хүчин зүйлийг ХАА-н салбарт уялдуулж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байна.
Р.Батчимэг