Монгол орны ургамлын аймаг, ургамалжлын асуудалд

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2016-05-17 10:31:13

“Монгол орны ургамлын аймаг, ургамалжлын асуудалд”
бүтээл 2015 оны 12 сард хэвлэлээс гарлаа
 
ХААИС нь Судалгааны их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй энэ үед тус их сургуулийн ууган багш нарын нэг, ахмад эрдэмтэн, профессор Н.Манибазарын 50 гаруй жилийн тэртээгээс туурвисан бүтээлийн дээж хэвлэгдэн гарлаа.
Профессор Н.Манибазар нь 1960-1965 онд тус их сургуулийн Ургамал судлал, хадлан бэлчээрийн тэнхмийн багшаар ажиллаж байх үеэс эрдмийн бүтээлээ туурвиж эхэлсэн, манай сургуулийн анхны сурах бичгүүдийн нэгийг бүтээж, хүүхэд залуучуудын болон монгол улсын нэвтэрхий толь, Британника-ширээний толь бүтээхэд оролцсон, олон сурах бичгийг хянан тохиолдуулсан, өнөөг хүртэл Экосистемийн судалгааны төвд зөвлөхөөр ажиллан хөдөө аж ахуйн мэржилтэй боловсон хүчин, залуу үеийн судлаачид бэлтгэхэд оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж яваа, залуу багш, судлаачдад үлгэр дууриал болсон салбарынхаа шилдэг эрдэмтдийн нэг, манай ахмад сурган хүмүүжүүлэгч билээ.
Тэрбээр дэлхийд 1 зүйл ургамал нээсэн, олон зүйл ургамлын тархацын шинэ нутгийг илрүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлсэн, дэлхийд шинээр ургамалжлын 6 анги, 9 дэвлэл, 9 эвлэл, 96 эвшил, 135 дэд эвшил, 200 хувилбарыг илрүүлсэн, монголдоо төдийгүй дэлхийд данстай эрдэмтэн.
Түүний бүтээлийн энэхүү дээжист ургамал, ургамалжлын нэртомьёоноос эхлээд, тэдгээрийг судлах, нэгэнт цуглуулсан судалгааны материалыг боловсруулах, үр дүнг нэгтгэх аргачиллыг эрдэм шинжилгээний ажлын бодит жишээнд тулгуурлан бичсэн 50 гаруй өгүүллийг оруулсан нь оюутан, магистрант, докторант, залуу судлаачид, багш нарт судалгаа шинжилгээ хийх, эрдмийн бүтээлээ туурвихад нь үнэтэй туслагч, та бүхний ширээний ном болно гэдэгт эргэлзэхгүй байна.