“Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” бүтээлийн танилцуулга
Энэхүү бүтээл нь Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Япон улсын Токиогийн их сургууль, Тотторигийн их сургуулийн эрдэмтэд, судлаачид, суралцагсдаас бүрдсэн олон улсын судалгааны багийн ажлын үр дүнгийн нэг бөгөөд Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны “Зүүн Азийн хуурай бүсийн доройтсон газраас дэгдэх түйрэнгийн үнэлгээ, тэмцэх арга” төслийн санхүүжилтээр хэвлэв.
Экосистемийн үйлрэг, сэргэх чадавхи зэрэг нь ургамалжлын зүйлийн бүрэлдэхүүнээс ихээхэн хамаардаг тул түүнийг орчин үед экосистем, ялангуяа бэлчээрийн экосистемийн төлөв байдлын барометр болгон хэрэглэж байна.
Ургамлыг зөв таних, цаашилбал ургамлын талаархи олон талт мэдлэг нь зөвхөн бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, цэгнэх, цаашдын өөрчлөлтийг урьдчилан тодорхойлоход төдийгүй түүнийг зохистой ашиглах, сэргээх, хамгаалахад зайлшгүй чухал юм. Үүнээс улбаалан малын бэлчээрийн голлох ургамлыг нэрээс нь эхлээд оношийн шинж, цаашилбал ач холбогдлыг нь хүртэл мэдэж авахад туслах зорилгоор бэлчээр, түүнтэй холбоо бүхий шинжлэх ухаанд суралцагсад, залуу судлаачид, мэргэжилтэн, малчид, монголын бэлчээрийг сонирхдог, цаашилбал байгальд элэгтэй хүн бүхэнд зориулан энэхүү номыг бүтээв.
Хоёр ботиос бүрдэх энэхүү номонд монгол орны голлох бэлчээрийн ургамлын төлөөлөл болох 396 зүйл тус бүрийн овог, зүйлийн шинжлэх ухааны (латин) болон монгол нэр, аминхэлбэр, ургамалзүйн шинж, цэцэглэх үрлэх хугацаа, ургах орчин, тархац, аж ахуйн ач холбогдол зэргийг монгол, англи хэлээр тусгасны дээр ургамлын гадаад бүтцийн онцлог шинжийг гэрэл зургаар харуулахыг хичээсэн болно.
Нэгдүгээр ботид өндөр уул болон уулын ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсийн бэлчээрийн ургамал, хоёрдугаар ботид цөлийн хээр, цөлийн бүсийн болон бүс бусын бэлчээрийн ургамлыг тус тус орууллаа.
Энэ бүтээлд бэлчээрийн ургамлын зүйл тус бүрийн ангилалзүйн шинжээс оношийн (diagnostic) шинжийг ялган, товойлгож харуулах, цаашилбал бэлчээрийг зохистой ашиглах, сэргээхэд тус болохуйц ургамлын талаархи мэдээллийг багтаан, тайлбарлахыг хичээснээрээ өмнөх ном, бүтээлээс ялгаатай. Иймээс тус бүтээлд монгол орны малын бэлчээрийн голлох ургамал болон түгээмэл тохиолдох ургамлыг эн тэргүүнд багтаасан болно. Үүний дээр бэлчээрт тохиолдох зарим ховор, чимэглэлийн болон тарьж хэрэглэвээс зохилтой ургамал, зарим хортой ургамлыг багтаасан.
Бэлчээр зохистой ашиглах, ялангуяа сэргээх арга технологи нь ургамлын аминхэлбэр, үйлрэгийн хэлбэр, ялангуяа найлзуур үүсгэх онцлогоос шууд хамаардаг тул бүтээлд орсон ургамлын зүйл бүрийн аминхэлбэр, үйлрэгийн хэлбэрээс гадна найлзуур үүсгэх байдлыг нь үндэслэг ишт, нягт бутат гэх мэтчилэн тусгайлан заав.
Зохиогчид:
Ж.Ундармаа (Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төв)
Т.Окүро (Япон улсын Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуй, амьдралын ухааны сургууль)
Н.Манибазар (Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төв)
Н.Яманака (Япон улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Хуурай бүс судлалын төв)