Малын их эмч, улс төрч, сэтгүүлч Х.Чойжилжавт ХААИС-ийн Хүндэт доктор цол олгов
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Малын их эмч, улс төрч, сэтгүүлч Х.Чойжилжавт Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэнийг өнөөдөр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өгч, баяр хүргэлээ.
Тэрээр Зудын синотик зүй тогтлыг илрүүлэх судалгааг академич Даваажамцын удирдлагаар хийж зудын критерийг тогтоож, энэ чиглэлээр 4 бүтээл, Малын зан араншин, мал маллагаанд хэрэглэдэг дуу авиаг судалж, үр дүнгээс нь ХААИС-ийн Эрдмийн бүтээл, Шинжлэх ухаан амьдрал сэтгүүд нийтлүүлж байсан. Мөн “Монголын бэлчээрийн аж ахуй” 20 ботийн редакцийн гишүүн бөгөөд хоёрыг нь бүтээсний зэрэгцээ сурах бичиг 3, мал аж ахуй, мал эмнэлэгийн чиглэлээр 20 гаруй ном бичиж, ХАА-н салбарт оюуны их хөрөнгө оруулалт хийсэн юм.
Түүнчлэн 1972 оноос ХААЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр 11 жил, Шинэ хөдөө болон Үнэн сонины тоймчоор 17 жил, Монголын мал эмнэлэг сэтгүүлийн редакцийн гишүүнээр одоог хүртэл ажиллаж, олон зуун мэдээ сурвалжлага, тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж, эх орныхоо ХАА, мал эмнэлгийн салбарын ололт амжилтыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан юм.
Дээрх ёслолын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга баяр хүргэж хэлсэн үгэндээ, зохиол бүтээлийг нь эмхтгэн хэвлүүлж, олны хүртээл болгохоо илэрхийллээ.
Х.Чойжилжавт Хүндэт доктор цол олгох ёслолд ХААИС-ийн удирдлага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, гэр бүл, найз нөхөд нь оролцлоо. Тэрээр 1935 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. ХААДС-ийг малын их эмч, Москвагийн ЗХУКН-ын дээд сургуулийг улс төрч, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна.