Т.Хэрүүга: Үндэсний их сургуулиудаа дэлхийн шилдэг их сургуулиудын үзүүлэлтээр үнэлдэг боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-05-23 11:38:48

Т.Хэрүүга: Үндэсний их сургуулиудаа дэлхийн шилдэг их сургуулиудын үзүүлэлтээр үнэлдэг боллоо

Бид салбар, салбарын тэр­гүү­лэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ХААИС-ийн захирал, Монголын их дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, профессор Т.Хэрүүгааг урилаа. Тэрээр Монголын менежментийн холбооны дээд өргөмжлөл ШИЛДЭГ МЕНЕЖЕР цол хүртжээ. 

Төгсөгчид ажил хайх биш ажил олгогч болно

Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрүүд 2012 оноос эхлэн хэрэгжлээ. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиуд бүх хөтөлбөрөө шинэчилж өнгөрсөн намраас шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа  эхэлсэн.

Манай сургуулийн хувьд 2014 оноос  гурван томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд  “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 1.8 сая ам.долларын, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх” ЖАЙКА-гийн 3 сая ам.долларын мөн ЖАЙКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй судалгааны төслийг Японы Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Дээд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг өнгөрсөн жил 2011 оныхтой харьцуулахад 20 дахин илүү байна гэсэн тооцоо байдаг. Энэ хөрөнгө оруулалт их сургуулиудын сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУЯ-ны хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд манай сургуулийн  багш, судлаачид 100 хүртэл сая төгрөгийн хоёр төсөл, 28 сая төгрөгийн 10 төсөл мөн оюутнуудын тус бүр гурван  сая төгрөгийн 11 төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 30 лаборатори байгуулсан. Өнгөрсөн сард Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн 100 гаруй сая, ЖАЙКА олон улсын байгууллагын 210 сая нийт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн сургууль хамгийн сүүлийн үеийн технологи бүхий лекцийн танхим, номын сантай болж, нээлтээ хийлээ. Судалгааны ажлын чанар, цар хүрээ нэмэгдсэнээр гадаадын хамтран ажилладаг их сургуулиудтай томоохон судалгааны төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Судалгааны орчин сайжирснаар сургалтын чанарт ахиц гарна. ХААИС-ийг аль ч хөтөлбөрөөр төгссөн ажил хайх биш харин ажил олгогч болно. Суралцаж байх хугацаандаа бизнес төлөвлөгөө боловсруулж, гарааны компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.  

Хөтөлбөрүүдээ олон улсад магадлан итгэмжлүүлж, гадаад хамтын ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ

ХААИС-ийн эдийн засаг бизнесийн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Одоо Инженер технологийн сургуулийн инженер механикийн хөтөлбөрийг олон улсад итгэмжлүүлэхээр бэлтгэж байна. Малын  их эмч бэлтгэдэг хөтөлбөрөө Европын их сургуулиуд руу явуулж үнэлгээ хийлгэсэн. Цаашдаа бүх хөтөлбөрөө олон улсын хамгийн шилдэг хөтөлбөрүүдтэй харьцуулах, тэдний бүтэц, чанарт хүргэх зорилготой.

Манайх одоогоор 42 орны 160 их сургуультай хамтран ажилладаг. Энэ хичээлийн жилд шинээр бакалаварын зэргээр 25, магистр, докторантурт 26 гадаад оюутан элссэн. Ирэх хичээлийн жилээс бакалаврын зэргээр 200, магистр, докторын сургалтад 70 орчим оюутан манайд суралцахаар хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудтай гэрээ байгууллаа. Гадаад оюутны тоо нэмэгдэхийн хэрээр хамтын ажиллагаатай их сургуулиудын багш нар их ирж байна. Одоогоор гадаадын 10 профессор ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид Чехийн Карлын их сургуулиас гурван багш урилгаар ажиллуулахаар болсон. Жилдээ 200 оюутан хамтын ажиллагаатай их сургуулиудад дадлага хийдэг, мөн тийм тооны оюутан гаднаас ирж манай оюутнууд, багш нартай хамт сургалтын дадлагад оролцдог. Хамтын ажиллагаатай сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсан залуус эргээд  сургуульдаа ажиллаж, орон орны мэдлэг, туршлагыг дэлгэрүүлж байна.

Магистр, докторт суралцах оюутны тоо нэмэгдсэн. Одоогоор нийт суралцагчдын 38 хувь нь ахисан шатны боловсрол эзэмшихээр суралцаж байна. Энэ тоо цаашид ч тогтвортой өснө.

Малын эмч нарыг тусгай хөтөлбөрөөр дахин сургалтад хамруулна

Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн зорилго нь малын халдварт өвчнийг оношлох, эмчлэх шинэ технологи боловсруулах, энэ чиглэлийн судлаачдыг чадавхижуулах, сургалт судалгааны орчныг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхээр хийж буй ажлууд маань ч малаа эрүүлжүүлэх, эрүүл хүнс хэрэглэхтэй холбоотой. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээл 10 хувь боллоо. Малчин дээрх зээлийг авахын тулд малаа эрүүл байлгах шаардлага тавигдаж байна.

Нөгөө талаас малын эмч нар ч мэдлэг, чадвартай, хариуцлагатай байх нь чухал. 

Иймд мал сүргээ эрүүл байлгах, эрүүл малтай гэж тодорхойлолт гаргах эрх бүхий малын эмч нарыг тусгай хөтөлбөрөөр сургалтад хамруулахаар бэлтгэж байна.

Өмнө нь таван жил суралцаж төгссөн малын эмч нарыг орчин үеийн мэдлэг, мэдээллээр хангах сүүлийн үеийн арга технологи, оношилгоог санал болгож 18-28 кредит цагийн нэмэлт сургалт зохион байгуулна.  

Их сургууль салбарынхаа бизнесийн хөгжлийн хурдасгуур

Улсын хэмжээнд 100 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.  72 сургууль нь нэг удаа, эдгээрээс 54 сургууль нь хоёр дахь удаа магадлан итгэмжлэгдсэн.  Энэхүү 54 сургууль Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиуд байна.  Энэ жил шинээр долоон  сургууль элссэн. Гишүүнээр элсэх сургууль тодорхой шаардлагууд хангасан байх ёстой.  Хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн байх шаардлага хамгийн чухал.

Консорциумын гишүүн 10 сургуулийн 15 хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж, эдгээр хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үйл ажиллагаа цаашид тасралтгүй үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар консорциумын гишүүн 12 сургууль хөтөлбөрүүдээ олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна.  Бид олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн туршлага, мэдээлэл, мэдлэг дээрээ түшиглэн одоо хөтөлбөрүүдээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр бэлтгэж байгаа сургуулиуддаа туслах, сургалт явуулах зэргээр хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлийн дэд хөтөлбөрт  ”Чанартай сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж,  дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжинэ.”  гэж заасан. Дээрх бодлогын  зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд  их сургуулийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн орчныг шинэ шатанд гаргах, их сургуулийн оюуны нөөцийг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглүүлэх шаардлага гарч байгаа. Манай гишүүн сургуулиуд энэ хөтөлбөрийн хүрээнд бүтцийн өөрчлөлтөө  хийж,  шинэчилсэн хөтөлбөрүүдээ 2015-2016 оны хичээлийн жилийн эхний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн салбар үндэсний эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж,  малын тоо толгой эрс өсч, газар тариалан эрхлэх сонирхол бүхий олон аж ахуй нэгжүүд бий болсноор  ХААИС - д суралцахыг хүсэгчдийн  тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тиймээс оюутнуудын ерөнхий шалгалтын оноог өндөрсгөж сайн элсэгчдийг элсүүлээд чанартай,чадвартай мэргэжилтнийг бэлтгэх бололцоо бүрдэж байна. Иймд манай их сургуулиуд тухайн салбарынхаа бизнесийг хөгжүүлэхэд сургалт, судалгааны ажлаа чиглүүлэх, шинжлэх ухаанд шинэ нээлт хийх, мэдлэгт түшиглэсэн шинэ бизнес бий болгох, гарааны компаниудыг байгуулахаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл их сургуулиуд маань тухайн салбарынхаа бизнесийн хөгжилд анхаарлаа хандуулж байна.

Мөн Боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт орж их, дээд сургуулиуд дэргэдээ гарааны компани байгуулах боломжтой болсон. Манай сургууль дэргэдээ таван гарааны компанитай. 10 гаруй гарааны компани байгуулах саналаа хүргүүлсэн. Бид дээрх хуулиудтай уялдуулан Инноваци, бизнес хөгжлийн төв  байгуулж, инновацийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээсэн. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид, их сургууль харилцан хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна. Мэдлэг шингээгүй, судалгаагүй бизнес хөгжиж чадахгүй шүү дээ.

Их сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх үзүүлэлтүүдээр үнэлэх болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас энэ жилээс их сургуулиудын чансааг /rating/ тогтоох үнэлгээний үзүүлэлтүүдийг их сургуулиудад хүргүүлсэн. Эдгээр үзүүлэлтүүдийн дагуу өөрийн үнэлгээ хийж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж байна. Үүнд оюутан багшийн тооны харьцаа, оюутны сэтгэл ханамж, докторын зэрэгтэй багшийн хувь, ажил олгогчдийн дундах нэр хүнд, нэг багшид ногдох судалгааны бүтээл, бүтээлээс авсан ишлэлийн тоо, сургуулийн нэр хүнд, нэр хүндтэй эрдэмтэн, мэргэжилтэн, олон улсын багш нар, олон улсын хамтын ажиллагаа, гадаад оюутан солилцоо зэрэг 35 үзүүлэлт байгаа.

Энэ нь үндэсний их, дээд сургуулиудаа дэлхийн шилдэг их сургуулиудын жишигт хүргэхээр зорьж буй ажлуудын нэг юм.

Манай сургуулийн багш нарын 50 хувь нь докторын зэрэгтэй байгаа бол 2018 онд 80 хувьд хүргэнэ. Мөн багш нарын судалгааны ажил бүс нутгийн хэмжээнд тэргүүлдэг болно. Үндэсний их сургуулиуд Азийн шилдэг их сургуулийн жагсаалтад орох цаг холгүй болов уу гэж бодож байгаа. Салбарын яамны бодлого, хөрөнгө оруулалт том дэмжлэг болж байна. Гэхдээ сургуулиуд ч өөрсдөө хичээж ажиллах ёстой.

Хэзээ, хаана ч мөн чанар, чухал байр сууриа үл алдах, хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээг  хангаж байдаг салбар бол хөдөө аж ахуй.

"Зууны мэдээ" сонин 

Сэтгүүлч С.Уянга