Модон бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээн, Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээн БНСУ-ын Жэжү аралд 2016 оны 5-р сарын 25-31-нд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд монгол улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч Ж.Загас багшийн хамт оролцлоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болсон талбайн цохилтын эмэгтэй багийн төрөлд спортын мастер Б.Хишигжаргал, спортын мастер Б.Оюунтуяа, спортын дэд мастер Н.Долгорсүрэн, спортын дэд мастер М.Сугарсүрэн, спортын дэд мастер Ж.Загас нар дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.
Мөн дэлхийн аваргын талбайн цохилтын холимог хосын төрлөөс Г.Төмөрбаатар, М.Сугарсүрэн нар хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. Тэмцээний замд нэг цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тамирчидыг шалгаруулдаг бөгөөд манай тамирчдаас ОУХМ Б.Мөнхбат, спортын дэд мастер Ж.Загас нар тус тус 1 цохилтоор оруулж (Gate In One) алтан медалиар шагнуулсан байна. Дараагийн өдрүүдэд болсон Солонгосын нээлттэй 5 дугаар тэмцээнд манай баг тамирчид шилдэг гэдгээ дахин баталж холимог хосын төрөлд Б.Мөнхзаяа, Б.Оюунтуяа нар хүрэл медаль, эмэгтэй хосын төрөлд Б.Хишигжаргал, Н.Долгорсүрэн нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Б.Мөнхзаяа, Д.Отгонпүрэв, Х.Пүрэвжаргал, Э.Энх-Алдар нар багаараа хүрэл медаль хүртжээ. Манай баг тамирчид 06 сарын 02 нд Улаанбаатарын цагаар өдрийн 11 цаг 50 минутанд эх орондоо ирлээ.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО