ХХАА-н Сайдын нэрэмжит грантыг шалгаруулав

Нийтлэгч : .
Огноо: 2016-06-03 16:51:58

ХХАА-н Сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хуралдав

ХХАА-н Сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл /2016.06.02/ хуралдаж, Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямааг үүлдрээр, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг омгоор баталлаа. 

ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Сайполдагийн танилцуулснаар Галшар адууг 2011-2016 оны хооронд нарийвчлан судалжээ. Жил болгон ангилал хийж хавар намрын улиралд судалгаа хийдэг ажээ. Энэ судалгаагаар Галшар адууны галбир бие, цогцос, физиологийн онцлог, генетикийг голчлон судалж, энүүгээрээ хурдлах чадвараараа бусад нутгийн адуунаас илүү байгааг тогтоосон байна. 

Мөн шинэ үүлдрээр батлагдсан Алтайн улаан ямааны онцлогийг Шинжлэх ухааны доктор, профессор Д.Алтангэрэл ийн тодорхойлсон юм. “Алтайн улаан ямааны гол цөм сүрэг нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Үржил селекцийн ажил 1976 оноос хийгдэж эхэлсэн. Дотроо үндсэн гурван удамтай. 2003 онд тухайн үеийн ХХАА-н сайдын тушаалаар үүлдрийн хэсэг гэж батлагдаж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж, 3.5 сая ямааг тус үүлдрээр сайжруулсан байна. Үүний дүнд нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ ойролцоогоор 80 орчим граммаар нэмэгдсэн байгаа. Үүнээс үзэхэд нэг ямаанаас орж ирэх ашиг нь 27 орчим мянган төгрөг болж байгаа юм. 

Алтайн улаан ямааны үүлдрээр сүргээ сайжруулж буй малчид, аймаг, сумд нэмэгдэх хандлагатай байна. Тус ямааг өсгөн үржүүлж буй 80 гаруй сум, аж ахуй нэгжээс, дэвшил бүхий 3 үүлдэр шинээр гарсан байгаа. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Ховд аймгийн Чандмань суманд Бумбатын улаан ямаа нэртэй шинэ дэвшлүүд гарч ирсэн байгаа. Эдгээр нь Алтайн улаан ямааг сайжруулсан, ашиг шимийн гарц өндөртэй сүрэг юм” хэмээн онцолсон юм.Мөн энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа Сайдын нэрэмжит грантад шалгарсан судалгаа шинжилгээний бүтээлүүдэд шагнал гардууллаа. Эрдэмтэн судлаачид мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн нийт арван бүтээл ирүүлсэнээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ, зах зээлд өрсөлдөх чадвар, технологийн түвшин, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах, ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал, технологийн багтаамж зэрэг шалгуураар дараах бүтээлийг шалгаруулж грант олгов.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Нямбат удирдагчтай “Бэлчээрийн мал аж ахуйн математик шинжилгээ, прогноз” сэдэвт бүтээл болон Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Мижиддорж удирдагчтай “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс хамгаалах элдэншүүлэггүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” сэдэвт бүтээл тус тус шалгарч грант хүртлээ.