“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМЫН ЗӨВЛӨМЖ

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2016-06-23 13:15:45

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ        АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМЫН ЗӨВЛӨМЖ
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэг, МИДСК, ШУТИС, МУБИС-ийн зохион байгуулалтын оролцоотойгоор   “Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиумыг 2016 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Симпозиумд БСШУЯ, ШУА, МИДСК-ийн төлөөлөл, зарим их, дээд сургуулийн удирдлага, хот өдөөгийн 30 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн судлаач эрдэмтэд, ажилтнууд оролцлоо.
Симпозиумаас гарсан дүгнэлт
  ЭШӨ-ийн чанарын асуудал тулгамдсан чухал болох нь:
1.       Эрдэм шинжилгээний өгүүлэл нь (цаашид ЭШӨ гэж товчлох) судлаач, эрдэмтдийн шинэ, бүтээлч санаа, судалгааны ажлын үр дүнг дотоодын төдийгүй олон улсын түвшинд түгээн хэрэглэгчдэд хүргэх хэрэгсэл, ШУ-ны нийтлэлийн үндсэн хэлбэр,
2.       ЭШӨ-ээр дамжин судалгаа шинжилгээний бүтээл төрж, судлаач эрдэмтэн өөрөө өсч хөгждөг,
3.       ЭШӨ-ийн чанар нь орчин үед судлаачийн чанар чансааны төдийгүй ШУ-ны тухайн салбарын хөгжлийн  үзүүлэлт болж байна,
4.       Манай улсын их, дээд сургуулиуд судалгааны ажлын аргазүй эзэмшүүлэх магистр, докторын сургалтыг өргөнөөр явуулж байгаа, их, дээд сургуулийн багш нарын ажлын үнэлгээний нэг гол үзүүлэлт нь ЭШӨ бичиж нийтлүүлэх ажил байдаг зэргээс шалтгаалж, ЭШӨ нийтлүүлсэн тоог урьдал болгодогоос, чанарын тал алдагдах нь нийтлэг болж , энэ нь чанаргүй магистр, доктор төрүүлэхэд нөлөөлж  байна,
5.       Магистр, докторын сургалтын үр дүн хангалтгүй байх нь  эрдэм судлалын ажлын чанар сулрах, ШУ-ны тухайн салбарын хөгжил саарах , дэлхийн түвшнээс хоцрох нэг нөхцөл болж байна,
6.       ЭШӨ-ийн чанар нь угтаа Монгол улсын эрдэм судлалын ажлын чанар чансаа, хөгжлийн асуудал юм,
ЭШӨ-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал:
1.       Манай эрдэмтэн судлаачдын нийтлүүлж байгаа ЭШӨ-нь түүнд тавигдах чанарын шаардлагыг тэр бүр хангахгүй байгаа нь судалгаагаар болон симпозиумд оролцогчдын дүгнэлтээс нотлогдож байна,
2.       Монгол улсад зохиогдож байдаг олон шатны ЭШ-ний хурлын  чанар, их, дээд сургууль, түүний салбар нэгжүүд, хүрээлэн судалгааны байгууллага бүрээс эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн нийтлэлийн бодлого, нийтлэлд тавьдаг шаардлага, стандарт журам жигд биш байна,
3.       Монгол улсын ба ШУ-ны салбарын түвшинд ЭШ-ний бүтээл, өгүүллийн нэгдсэн бүртгэл сан, зохиогч таних систем байхгүй,
4.       Энэ бүхий байдлаас бүтээлийн хулгай, зохиогчийн эрх, судлаачийн ёс суртахууны зөрчлийн асуудал хөндөгдөж байна,
 
   
 Симпозиумын илтгэгч эрдэмтдийн  дэвшүүлсэн ба хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлтэд үндэслэн ШУ-ны хөгжлийн тодорхойлогч хүчин зүйлийн нэг, судалгааны үр дүнгийн мэдээлэл солилцох үндсэн хэрэгсэл болох ЭШ-ний өгүүллийн чанарыг сайжруулан, манай судлаачдын шинэ санаа, бүтээл туурвилыг дотоодын ба олон улсын түвшинд оюуны эргэлтэд оруулж, шилдэг судлаач эрдэмтдийн эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг болох, эрдэм судлалын ололт үр дүнгийн мэдээлэл солилцох  ажлыг  дэлхийн жишигт хүргэх зорилтыг удирдлага болгон энэхүү зөвлөмжийг гаргаж байна.
Нэг. Эрдэмтэн судлаач нарт зөвлөмж болгох нь:
1.1   Судалгааны ажлын онол, аргазүйн түвшнээ байнга дээшлүүлж, чанартай судалгаанд суурилсан, чанартай ЭШӨ туурвиж, тооноос чанарт анхаарах, ЭШ-ний бүтээл төрөх хөгжлийн үе шатны нарийн логикийг баримтлах,
1.2   ЭШӨ-ийн нийтээр мөрдөж байгаа болон тухайн сэтгүүлээс гаргасан стандарт журам, судалгааны бүтээлд тавигддаг нийтлэг шаардлага, судлаачийн ёс зүйн зарчмыг нарийн баримталж, ЭШӨ бол таны нэрийн хуудас, ШУ-ны тухайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр гэдгийг анхаарч ажиллах,
Хоёр. Их, дээд сургууль, ЭШ-ний байгууллагуудад зөвлөмж болгох нь:
2.1 ЭШ-ний хурал,  түүний илтгэлүүдийн чанарт тавигдах шаардлагыг тодорхой болгож, нэгдсэн нэг шалгууртай байх,
2.2 Сургууль, салбар нэгжүүдээс эрхлэн гаргадаг мэргэжлийн сэтгүүлүүдийн нийтлэлийн бодлого, нийтлэлийн чанарт анхаарах,
2.3 Судлаач багш, эрдэмтдийн ажлын ачаалал, ажлын байрны нөхцлийг ШУ-ны үндэстэйгээр  шинэчлэн  тогтоож, багш ажилтнуудыг судалгааны ажил гүйцэтгэх бодит нөхцлөөр хангахад анхаарах,
2.4 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үнэлэмжийг дээшлүүлэн, судлаачдын идэвхийг өрнүүлэх, тэдний онол аргазүйн чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын ажлыг  төлөвлөгөөтэйгээр явуулах, шилдэг ЭШӨ, шилдэг судлаач шалгаруулж, томоохон грант шагнал олгох ажлыг их, дээд сургууль, ЭШ –ний байгууллагууд ижил төстэй шалгуураар хийж гүйцэтгэж байх,
2.4 Их, дээд сургуулиуд, ЭШ-ний байгууллагуудын ЭШ-ний ажлын уялдаа холбоо, харилцааг шинэ шатанд гаргах Үүнд:
- Жилийн ажлын төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх,
- Тодорхой салбар чиглэлийн ЭШ хурал , семинар арга хэмжээг хамтран зохион байгуулах,
- Ажилтнуудын харилцаа холбоог өргөтгөж, хамтын ажиллагааны албан бус бүгцийг үүсгэж болох,
- Бололцоотой чиглэлээр судалгаа, туршилтын баазыг хамтран ашиглах, хамтарсан судлаачдын баг бүрдүүлж ажиллуулах,
- ЭШӨ-ийн шаардлага, түүний стандартыг уялдуулах,
Гурав. Монгол улсын БСШУЯ-нд зөвлөмж болгох нь:
3.1 Судлаач нар ба их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлогын чанартай зохион байгуулалтын арга хэмжээг явуулж, дэмжих,
3.2 “ЭШ-ний хурал, ЭШӨ, зохиогчийн нэгдсэн цахим сан”-г ШУ-ны үндсэн салбараар болон нэгдсэн байдлаар бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх,
3.3 Дотоодын сэтгүүлүүдийн эрэмбийг тогтоох, ШУ-ны үндсэн салбарын уламжлал болж, төлөвшсөн эрдэм шинжилгээний сэтгүүлийг төрөөс бодлогоор дэмжиж санхүүжүүлэх,
3.3  Магистр, докторын сургалт, ЭШ-ний бүтээл, ЭШӨ-ийн чанарыг дээшлүүлэх, багш, судлаачдын онол аргазүйн чадварыг дээшлүүлэх, эх орны судлаачдын бүтээлийг олон улсын түвшинд гаргахад дэмжлэг болох, судлаачдын идэвхийг өрнүүлэх, судлаачдын ажлын үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг их, дээд сургууль ЭШ-ний байгууллагуудтай хамтран зохион явуулах,
3.4  ШУ-ны салбаруудын онцлогийг харгалзсан ЭШӨ-ийн нэгдсэн загварыг олон улсын жишигтэй уялдуулан гаргаж мөрдүүлэх нь олон талын ач холбогдолтой байна,
Дөрөв. Монгол улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хороонд:
4.1 Зөвлөмжөөр дэвшигдэн тавигдаж байгаа “ ЭШ-ний хурал, ЭШӨ, зохиогчийн нэгдсэн цахим сан” бүрдүүлэх санхүүжилтийг БСШУЯ-ны 2017 оны төсөвт суулган дэмжлэг үзүүлэх,
4.2 ШУ-ны байгууллагуудын материаллаг нөхцөл, судалгааны түвшин, лабораторийн орчинг сайжруулах, судалгааны ажлын үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг бодлогын  хэмжээнд авч үзэх,
4.3. Монгол улсын  хөгжлийн тулгуур хүчин зүйл, шинжлэх ухааны санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьд хүргэх талаар дэмжлэг үзүүлэх,
СИМПОЗИУМД ОРОЛЦОГЧИД
УЛААНБААТАР ХОТ
2016- 06- 08