Хангён Үндэсний их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн био-аюулгүй байдал, биотехнологи” төсөл хэрэгжүүлнэ

Нийтлэгч : .
Огноо: 2016-06-27 09:47:24

 Хангён Үндэсний их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн био-аюулгүй байдал, биотехнологи” төсөл хэрэгжүүлнэ 

ХААИС-д КОЙКА-ийн дэмжлэгээр БНСУ-ын Хангён Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн био-аюулгүй байдал, биотехнологи” төслийн нээлтийн ажиллагаа, тус төслийн хүрээнд Монос групп болон ХААИС хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХААИС дээр боллоо. Уг арга хэмжээнд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, төслийн Монгол талын удирдагч, Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Солонгос талын удирдагч Хангён Үндэсний их сургуулийн профессор Мүн Жүн Гуан, “Монос” группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, тус группын харьяа Эм судлалын хүрээлэнгийн захирал, академич Л.Лхагва нар байлцав. ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай их сургууль БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилтээр БНСУ-ын Хангёны үндэсний сургуулийн судлаачидтай хамтран “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Монголд дэмжих нь” төслийг 2013-2015 онд амжилттай хэрэгжүүлсэн. Уг төсөл нь ХААИС-ийн багш, судлаачдын чадавхийг бэхжүүлэх, туршилт, судалгааны орчныг шинэчлэх замаар Монгол улсын хүрээлэн буй орчинд ээлтэй органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой хэрэгжсэн юм. Ийнхүү уг төслийн хүрээнд сүүлийн үеийн туршилт, судалгааны багаж, тоног төхөөрөмж бүхий 5 лаборатори, 2 бүрэн автомат гидропоник хүлэмжийг ашиглалтанд оруулсан. Эдгээр лабораториудыг ашиглан Монгол орны мал аж ахуйн болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний биологи, химийн онцлог шинж чанар, эмчилгээ сэргийлэлтийн шинжүүд, тариалангийн талбайн хөрсний үржил шим, төмс, хүнсний ногооны эрүүл ахуй, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох боломж бүрдлээ. Харин бүрэн автомат өвөл, зуны хүлэмжинд шинэ төрлийн хүнсний таримал сортууд тарих, ашигт ургамлуудыг тарималжуулах зэрэг судалгааг гүйцэтгэж, ирээдүйн хүнсний болон биотехнологийн үйлдвэрлэлийн шинэ чиглэлийг тодорхойлох боломжтой болж байна.

Мөн төслийн хүрээнд ХААИС-ийн 40 орчим багш, судлаач малын үржил, селекци, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдал, ургамал, амьтны биотехнологи, шинэ таримлын судалгаа зэрэг чиглэлээр БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад урт, богино хугацаагаар суралцаж шинэ технологи, арга зүй эзэмшлээ.

Ийнхүү 2 их сургууль уг төслийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан өнөөдрийн нээлтээ хийх гэж буй “ХАА-н үйлдвэрлэлийн био аюулгүй байдал ба биотехнологи" сэдэвт төслийн саналыг хамтран боловсруулж КОЙКА байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг төслийн саналыг хүлээн авч дэмжсэн явдалд хувиасаа болон ХААИС-ийн нэрийн өмнөөс талархаж буйгаа КОЙКА-н Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт илэрхийлж байна. 

Өнөөдөр нээлтээ хийж буй төсөл болон ХААИС, Монос группын хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны дахин давтагдашгүй, эмчилгээ, сэргийлэлтийн байгалийн ургамлыг тарималжуулах, тэдгээрийн биохими, хими, биологийн онцгой шинжийг судлан тогтоох, шинэ төрлийн онцгой үйлчилгээтэй эм, бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой үр дүнтэй, бүтээлч үйл ажиллагаа хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна” гэлээ. Тус төслийн Солонгос талын удирдагч Хангёны их сургуулийн профессор Мүн Жүн Гуан: “2012-2015 хооронд хэрэгжсэн төслийн үр дүнд нэлээд хэдэн салбарт судалгаа болон сургалт явуулах орчныг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Хоёр дахь удаагийн төслийн хүрээнд судлаачдын судалгааны ажлыг дэмжих, сургуулийн хөгжилд нөлөөлөхүйц хэмжээний үр дүн гаргахыг хоёр талын сургуулиас зорьсон байгаа. Ямар ч судалгааг сайн хийгээд үр дүн нь үйлдвэрлэлд нэвтрэхгүй бол түүнийг ач холбогдолтой гэж үзэхэд бэрх. Тиймээс энэ төслийн эцсийн үр дүн ХААИС болон Монос групп гэсэн энэ нь хоёр байгууллагын хөгжилд бодитой хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Хангён Үндэсний их сургууль, ХААИС-ийн хамтран хэрэгжүүлэх тус төслийн үндсэн зорилт бол Монгол оронд зэрлэгээр ургадаг эмийн болон эмчилгээ сэргийлэлтийн ургамлын онцгой шинжүүдийг судлан тогтоох, эдгээр ургамлыг тарималжуулж, шинж чанарын харьцуулсан судалгааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ байгальд ээлтэй экэологийн цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ХАА-н бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд баталгаажуулалт хийх ХАА-н үйлдвэрлэлийн зохистой дадлын тогтолцоог тус сургуулийн өмнөх төслийн хүрээнд бий болсон судалгааны орчны болон хүний нөөцийн чадавхид тулгуурлан бий болгох зорилготой ажээ.  

 

2013-2015 оны хооронд хэрэгжүүлсэн “Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Монголд дэмжих нь” төслийн хүрээнд  БНСУ-ын Хангёны их сургуулийн эрдэмтэд ХААИС-ийн багш, судлаач, оюутнуудтай хамтран дараахь ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

- Зэрлэгээр ургадаг гоёл чимэглэлийн болон эмчилгээ сэргийлэлтийн зориулалттай ургамлуудыг тарималжуулав.

- Мах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийн үр хөврөл шилжүүлэн суулгах ажил амжилттай болж анхны 8 тугалыг хүлээж авав.

- Мах, сүүн бүтээгдэхүүний зарим технологийг шинээр боловсруулж туршив.

"Хөдөө аж ахуйн зохистой дадал” (GАР)-ыг хэрэгжүүлэх чадамжийг бүрдүүлэхэд мөн онцгой анхаарч хамтран ажиллаж байна.

Ц.Дэлгэрмаа