“Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг”сэдэвт олон улсын хурал эхэллээ
“Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /9-р сарын 25, 26/ Корпорейт зочид буудлын Конвейншн танхимд эхэллээ. ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулиас 2012 онд санаачлан, хамтын ажиллагаа бүхий олон улсын их сургуулиудтай хамтран зохион байгуулсан тав дахь удаагийн хуралд, 8 орны 70 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, 60 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм.
Тус хурлын нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ХААИС-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Бакей, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх болон Нидерланд, ХБНГУ, Австри, Чех, БНСУ, БНХАУ, ОХУ-ын их сургуулийн 30 шахам, Монголын 40 гаруй эрдэм судлаачид оролцож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь тус хурлын нээж хэлсэн үгэндээ:
Даяршиж байгаа өнөөгийн нөхцөлд улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх бодлоготой уялдуулан ХАА-н салбарыг хөгжүүлэх боломж, арга замыг тодорхойлоход салбарын эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү хурал нь улс үндэстний өмнө тулгамдаж байгаа асуудлыг үндэсний онцлогт тулгуурлан шийдвэрлэх, инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, боловсрол-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, их, дээд сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэсэн юм.
Хурлын нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Үндэсний их сургуулийн дэд захирал, профессор Хиү Чанбайд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Хүндэт профессор цол олгосоныг гардуулан өглөө.
Хурлын зорилго нь тухайн салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бизнесийн орчинд хөдөө аж ахуйн эдийн засгийн онолын мэдлэгийн хэрэглээг түгээх, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцөд тулгуурлан урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх боломжийг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн нийтлэх, таниулан сурталчлахад чиглэгдэж байгаа юм.
Мөн цаашид энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон зохион явуулахын зэрэгцээ хэлэлцэгдсэн асуудлуудыг нийтэд түгээх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх, байгалийн нөөц ба хөдөө аж ахуйн эдийн засгийн асуудалд олон улсын судлаачдын анхаарлыг хандуулж, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан туршлагаа хуваалцах замаар оновчтой шийдлийг олохоор зорьж байгаа аж.