Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтаар баталгаажиж, цаашдын зорилтоо тодорхойллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-08-26 09:25:02

Хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтаар баталгаажиж, цаашдын зорилтоо тодорхойллоо

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулиас бас нэгэн гарааны компани төрөн гарч буй нь “Агро авто сервис” юм. Энэхүү компани нь хөдөө аж ахуйн машин механизм, техникт дуудлагаар засварын үйлчилгээ цаашлаад угсралтын үйлчилгээг мэргэжлийн төвшинд үзүүлэх зорилготой байгуулагджээ. Мэргэжлийн гэж онцолж буйн учир нь “Агро авто сервис” компанийг Инженер технологийн сургуулийн профессорын баг буюу энэ чиглэлд мэргэшсэн доктор, профессоруудаас гадна Булган аймгийн Сэлэнгэ суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг Интосэ ХХК-ийн техникийн багтай хамтран бүрдүүлж байгаа юм.

            “Интосэ” ХХК хамтын ажиллагааныхаа хүрээнд “Агро авто сервис” компанид хөрөнгө оруулалт хийж “77 14 УНТ” улсын дугаартай Тоёота маркийн авто машины түлхүүр гардуулах үйл ажиллагаа энэ сарын 18-нд болж хоёр талын удирдлагууд оролцлоо.  Интосэ ХХК-ийн захирал Б.Сэлэнгэ  автомашины түлхүүрийг гардуулан өгөхдөө

-  Энэ компанид хувь оруулж хамтран ажиллах санал солилцсоныхоо үндсэн дээр хамтын ажиллагааныхаа цаашдын амжилтыг бэлгэдэж үр өгөөжтэй ажлын эхлэл болоосой гэж Интосэ ХХК-иас “Агро авто сервис” компанид засвар үйлчилгээний зориулалттай энэхүү машинаар хөрөнгө оруулж байна. Мөн Атар газрыг эзэмшсэний 50 жилийн ой, Атрын III аянд зориулж Интосэ ХХК-ийн ерөнхий захирал Батаагийн хийсэн, УГЗ Ж.Биндэрийн найруулсан, манай тариалангийн талбай дээр зургийг нь авсан “Хайр ургуулсан намар” уран сайхны киноны СD-ний хамт гардуулан өгье хэмээн  ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн албаны дарга Ж.Батчулуунд гардуулан өглөө.

ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн албаны проректор Ж.Батчулуун:

- Та бүхний энэ хөрөнгө оруулалт манай Инженер технологийн сургуулийн багш ажилтнууд шинэхэн байгуулсан гарааны компанийхаа үйл ажиллагаанд үр ашигтай ашиглаж хэрэглэнэ ээ. Бидний хамтын зорилго биелэхэд энэхүү унааны гүйцэтгэх үүрэг их байх болно гэдгийг тэмдэглэн хэллээ.

            Гарааны компанийн төлөвлөж буй дараагийн ажил бол орон нутагт засвар үйлчилгээний төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Тухайлбал, эхний ээлжинд Эрдэнэт хотод засвар үйлчилгээний төв байгуулах ажил төслийн хэмжээнд дэмжигдэх шатандаа явж байгаа аж.

            “Агро авто сервис”Интосэ” ХХК-иудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар хоёр талын төллөөллүүдээс зарим нэг зүйлийг тодрууллаа.

    Нэгэнд нь онол, нөгөөд нь үйлдвэрлэл байгаа учраас хамтран ажилласан

-   ХААИС-ийн “Агро авто сервис” гарааны компанид хөрөнгө оруулах болсон хамтын ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-  Бид Финланд улсын Сампо /Sampo/ үйлдвэрийн албан ёсны диллерийг хийх болсон 2010 оноос эхлэн ХААИС-тай хамтарч ажилласан. Бид Сампо комбайн болон сэлбэг нийлүүлж засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна жил бүр сургалт зохион байгуулдаг бөгөөд ХААИС дээр багш нартай хамтран зургаа дахь жилдээ цогц сургалтыг  зохион байгууллаа.  

      Засвар үйлчилгээг арай өөр төвшинд гаргах зорилготой ХААИС-ийн багш нарын “Агро авто сервис” компанид бид хөрөнгө оруулж засвар үйлчилгээг өргөн далайцтайгаар хийх, хамтран ажиллах шийдвэрийг гаргаж ерөнхий захирал маань дэмжсэн. Өнөөдөр засвар үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай байгаа  машиныг хөрөнгө оруулалт болгон өглөө.

      Цаашдаа бид оношлогоо хийх компьютер,  компьютерийн программаар хөрөнгө оруулах болно. Засвар үйлчилгээг явуулахад хэрэгцээтэй байгаа шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангахад анхаарна. Хамтарсан багт маань ХААИС шинжилгээ, судалгаа, тооцоо, сургалт, онолын дүгнэлтүүдийг хийж, манай компани практикт, тариалангийн компаниудын техникч, операторуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арга туршлагыг нэвтрүүлэхийг хичээдэг.  

      Манай компанийн бас нэгэн зорилго нь дэвшилтэт техник, технологиийг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах, түүн дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчин ХААИС-иас бэлтгэх зэрэгт хувь нэмэр оруулах юм. Үүний эхлэл тавигдаж ХААИС-ийн ИТС-ийн багш нарын хамтарсан гарааны компанид хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна. ХААИС-ийн багш нарт онолын талын мэдлэгээ үйлдвэрлэлд хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд бид талбар болж байгаа болов уу.

-   Танай компанийн хувьд газар тариалангийн салбарт багагүй хувь нэмэр оруулж байна гэж хардаг?

-  Манай компани 2003 оноос газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн. Ажиллах хугацаандаа бид техникийн шинэчлэлийг тогтмол хийх, мэргэжилтэй боловсон хүчин зэрэг нь дутмаг байгааг ажигласан. Тэгээд 2010 оноос ХААИС-ийн Ч.Бямбадорж багштай танилцаж, чиглэл зөвлөгөө авч цаашид хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг  шийдэлд хүрсэн.

      Анх Финландад очих, сургалтад суух, анхны сургалтыг мэргэжлийн хэллэгээр орчуулах зэрэгт Ч.Бямбадорж багш маш сайн тусалж дэмжин зөв чиглүүлж өгсний ачаар бид дараагийнхаа алхмыг хийж байна.

      ХААИС-ийн багш нарын заагаад байгаа зүйлүүд үйлдвэрлэл дээр яг таг тэр чигээрээ байдаггүй. ХААИС-д ашиглагдаж байгаа техникийн макет, үзүүлэнгүүд  хуучирсан байна. Гэтэл өнөөдөр газар тариалангийн үйлдвэрлэл дээр орчин үеийн текник, технологи ашиглаж байна. Техникээ дагаад технологи нь өөрчлөгдсөн. Гэтэл онолоо сургуулийн хуучирсан техникийн үзүүлэн дээр үзэж судалсан оюутнууд үйлдвэрлэл дээр гараад юу ч хийж чадахгүй. Сургуульд үзсэн техникүүд нь аль хэдийн үйлдвэрлэлээс хасагдчихсан юм чинь.

      Тэгэхээр өнөөдөр орчин үеийн техникээр сургалтын материаллаг баазыг бүрдүүлж түүн дээр боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй. Ингэж чадвал боловсон хүчнүүд газар тариалангийн компанид ажиллах сонирхолтой, бид ч мэргэжлийн боловсон хүчнээр дутагдахгүй болно. Нэгэнд нь онол, нөгөөд нь үйлдвэрлэл байгаа учраас бие биенээсээ харилцан сурах үүднээс хамтран ажиллах хэрэгцээтэй болсон.   

-       Сервис үйлчилгээний хамтын багийн үйл ажиллагаа албан ёсоор хэзээнээс эхэлсэн бэ?

-   Манай компани Сампо-ийн диллер болсон 2011 оноос засвар үйлчилгээний хамтарсан баг байгуулахаар яриад 2012 онд байгуулагдаад дөрвөн жил болжээ. Анх багш нараас зөвлөгөө авдаг байгаад 2013 оноос албан ёсоор багийн бүрэлдэхүүндээ оруулан  дуудлагаар явахдаа мэргэжлийн багш, оператортой очоод онол,  практикийн зөвлөгөөг өгдөг болсон. ХАА-н техник чинь их нарийн байдаг. Үүн дээр мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөөд эхлэхээр огт өөр болж байгаа юм.

-       Үйлчилгээний машинтай болохоор өмнөхөөсөө илүү шуурхай, чанартай ажиллах нь байна?

-  Манай компаниас шинэ техник авсан хүмүүс ургац хураалтын ид үед дуудлага өгдөг. Бид явж чаддаггүй. Одоо зөвхөн засвар үйлчилгээ үзүүлэх тусгай компанитай болчихоор хэзээ ч, хаанаас ч дуудлага өгсөн очоод үйлчилгээгээ үзүүлэх боломжтой боллоо.  

-       Засвар үйлчилгээтэй учир худалдан авагч ч нэмэгдэх магадлалтай юм?

-  Бид дөнгөж эхэлж байна. Цаашдаа заавал Сампо гэхгүй үр тариа хураах комбайн, трактор, өөр олон төрлийн техник, комбайнуудын засвар үйлчилгээнд дуудах магадлалтай. Ийм засвар үйлчилгээ ч зах зээлийнхээ хуулиар нэхэгдэх болно. Бид ч өргөжин тэлэх болно. Ургац  хураалтын ид үед комбайны гэмтэл олон гардаг, ургац, хугацаа хоёрыг алдахгүйн тулд мэргэжлийн багийн үйлчилгээг хурдан авах ёстой. 

Инженер технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, “Агро авто сервис” гарааны компанийн захирал Ц.Өлзийбаатар: 

Бидний дараагийн зорилт бол CRP хөдөлгүүрийн лабораторь байгуулах юм

-       Хүн хүндээ итгэж, амласан амлалтаа биелүүлдэг байх нь хүний хамгийн нандин чанар юм. Бидний үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаад баяртай байна.  Бидэнд мэдлэг, дадлага, туршлага бий. Харин материаллаг бааз үнэхээр байхгүй. Үйлдвэрлэл дунд мэдлэг чадвараа сорих орчныг  бүрдүүлж  байгаа нь бидний ажлын амжилтын амин чухал нь юм. Судлаач болох гэж байгаа оуютнуудаа, эрдэмтэн болох гэж байгаа судлаачдаа дагалдуулан сургах боломж бүрдлээ. Бид засвар үйлчилгээнд явахад судлаачаа, оюутнаа хаанаа авч явах уу? гэдэг асуудал тулгардаг байсан бол одоо зургаан хүний суудалтай, ахиад олон судалгааны материал цуглуулж болохоор машинтай боллоо.
 
Тус компанитай эхний үед Ч.Цэсэндорж, Ч.Бямбадорж, Т.Ганболд гээд бидний хэдэн багш оюутнууд комбайн угсрахад хамтран ажилласан. Дараагийн ажил бол дотоод шаталтын хөдөлгүүрийн дэлхийн чиг хандлагыг тодорхойлж буй CRP хөдөлгүүр юм. Энэ нь дизель хөдөлгүүрийн хамгийн сүүлийн гарц бөгөөд энэ зууны 30-40-өөд он хүртэл энэ чигээрээ байна. Экологи, эдийн засгийн бүх л үзүүлэлтээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үүнээс цааш хувилбар байхгүй. Үүнийг сургалтад нэвтрүүлэх нь хөдөлгүүрийн чиглэлийн хичээл заадаг миний хувьд маш чухал байсан. Үүнийг үзүүлье үзүүлэн байхгүй, судалгаа хийе юу ч байхгүй байлаа. Бидний дараагийн том зорилт бол CRP хөдөлгүүрийн лабораторийг ашиглалтад оруулах юм. 

Инженер технологийн сургуулийн багш, “Агро авто сервис” гарааны компанийн мэргэжилтэн, доктор Ө.Ганбат:

Засвар үйлчилгээг оновчтой зохион байгуулахад мэргэжлийн  инженер шаардлагатай
 
-  Автомашиныг жилийн дөрвөн улирал ашиглаад багахан хэмжээний засвар хийдэг. Харин газар тариалангийн машин бол өндөр үнээр аваад богино хугацаанд ашиглагдах хугацаанд л ажиллахгүй бол ямар ч ашиггүй байдаг. Тэгэхээр засвар үйлчилгээг оновчтой зохион байгуулах мэргэжлийн  инженер байх шаардлагатай. Энэ хэрэгцээ шаардлагын үндсэн дээр хамтран ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бидний сонирхлын цэг нэг. Их сургууль, их сургуулийн төгсөгч нь зөвхөн хувь хүнд зориулагдсан биш, ажил олгогч болоод улс орны өнөөгийн нөхцөлд шаардлагад нийцсэн байх нь чухал байгаа бодит байдалд ажил олгогчтой хамтарч байгаадаа баяртай байна. Хамтарч ажиллаж байгаагийн хамгийн энгийн ашиг тус нь гэхэд Сампо комбайныг зах зээлээс худалдаж авах юм бол 270 сая, хэрвээ манайд угсрах юм бол 230 сая буюу 30 хувь хямдрах боломжтой. Энэ чинь газар тариалан эрхэлж байгаа компаниудад маш том хэмжээний дэмжлэг болно.