Оюутан, залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав
ХААИС-иас санаачлан оюутан, залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалтыг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Прокурор болон Цагдаагийн газартай хамтран өнөөдөр /2016.04.26/ зохион байгуулав.
Оюутан залуусын мэдлэг мэдээлэл, дутмагаас үүдэн санамсаргүй тохиолдлоор хар тамхи болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарах болсонтой холбогдуулан урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулж байна.
Оролцогч байгууллагын төлөөлөгчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдээлэл өгөх зорилгоор хар тамхи, мансууруулах бодис, халаасны хулгайн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн ялын бодлого, тамхины хяналтын тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа.
“Хэдхэн жилийн өмнө хар тамхитай холбоотой хэрэг зөрчил хөрөнгөтэй оронд гардаг мэтээр төсөөлж байсан бол өнөөдөр манай улсад бүхий л төрлийн мансууруулах бодистой холбоотой хэрэг гарч байна. Оюутан залуусын гэнэн зан, мэдлэг, мэдээлэл дутмаг байдал, санхүүгийн хэрэгцээ, сонирхолыг ашиглан гэмт хэрэгт татан оролцуулах тохиолдол их гарч байна” гэж Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Батбилэг ярилаа.
ХААИС-иас 4,5 дугаар сард бүрэлдэхүүний таван сургуулийн бүх оюутан залуусыг хамруулсан 5 удаагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөний эхнийх нь энэ юм.