“Газрын харилцаа-2016” эрдэм шинжилгээний бага хурал болж байна
ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /ГХГЗЗГ/, Газарзүй геоэкологийн хүрээлэнтэй хамтран “Газрын харилцаа-2016” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2016.04.27/ зохион байгуулж байна.
Хурлыг нээж ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга хэлсэн үгэндээ, “Аливаа баялагийн анхны эх булаг болох газар нь байгалийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд, хүн төрөлхтөний хөгжил, дэвшилд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Газрын асуудлыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх нь нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдрал, эрх зүйн хувьд төдийгүй хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой юм. Бүх баялаг газраас төлжин амилж байдаг учраас монголчууд байгаль орчноо хайрлан хамгаалж ирсэн өнө эртний уламжлалтай.” гэв.
Хуралд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн болон эрдэмтэн судлаачид, нийслэл, орон нутгийн газрын даамал, мэргэжилтнүүд оролцож байна.
Сонирхуулахад ХААИС 1997 оноос эхлэн газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ зэрэг мэргэжлээр 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Өдгөө газрын харилцааны салбарт ажиллагсадын 70 орчим хувь нь ХААИС-ийн төгсөгчид байдаг аж.